ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Грект айлчилж буй холбоотой эсэргүүцлийн жагсаал Афинд боллоо. Уржигдар болсон жагсаалын үеэр олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн 200 гаруй хүнийг саатуулснаа тус улсын цагдаа нар мэдэгдэж буй. Олон мянган хүн оролцсон дээрх жагсаалыг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч, бороохой ашиглажээ.
Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу чулуу, мод шидэж, Грекийн эрх баригчид, Ангела Меркель нарын уулзаж байсан барилгын гаднах хамгаалалтыг давахыг оролдож байжээ. Канцлерын айчлалтай холбогдуулан Афинд харуул хамгаалалтыг чангатган, цагдаа, цэргийн 7000 гаруй ажилтан ажилласан аж.
Одоогийн байдлаар таван хүн хөнгөн шархадсан хэмээн мэдэгдэж байна. Грекийг өрийн хямралаас гаргах, ээлжит тусламж үзүүлэхэд ХБНГУ хатуу шаардлага тавьж байгаа билээ. Герман бол Грекийн санхүүгийн томоохон донор бөгөөд хямралыг даван туулахад зориулан удаа дараа зээл, тусламж үзүүлсэн юм. Гэсэн ч Грекийн Засгийн газрын төсөв танах бодлого, түүнтэй холбоотойгоор иргэдийн амьдралын түвшин буурч байгааг ард түмэн нь ХБНГУ-аас тавьж буй хатуу шаардлага, болзолтой холбоотой хэмээн үзэж байна.
Айлчлалын үеэр Ангела Меркель Грекийн Засгийн газрын авч буй төсөв танах арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. Түүний зэрэгцээ тус улсад ээлжит тусламж үзүүлэх асуудлыг Европын холбоо, Европын Төвбанк, ОУВСгийн төлөөлөгчид хэлэлцэж шийдэхийг анхааруулсан юм.
Х.ОД