Ким Жөн Уныг Хойд Солонгосын шинэ удирдагчаар зарласны дараа тус улсад тансаг хэрэглээний барааны импорт 70 хувиар өссөн тухай БНСУын “Daily NK” хэвлэлд мэдээлэв. Тус сонинд Өмнөд Солонгосын эрх баригч Сэнури намын гишүүн Юн Сан Хёны ярьсныг үзвэл, БНАСАУ 2010 оноос эхлэн жилд дунджаар 600 сая долларын үнэ бүхий ийм бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж байгаа аж. Ким Чен Ирийн эрх барьж асан 2009 онд тансаг зэрэглэлийн барааны импорт 322 сая доллартай тэнцэж байсан бол, 2011 онд 584 сая долларт хүрчээ. Нэн ялангуяа үнэтэй машин, цаг, компьютер, хатуулаг өндөртэй спиртийн ундаа, дарс зэрэг бараанд өсөлт мэдэгдэхүйц ажиглагдаж байгаа аж. Өмнөд Солонгосын улстөрч үүнийг Умардын залуу лидерийн улс төрийн сул байр сууриа бэхжүүлэх оролдлоготой холбон тайлбарлав. Чухам энэ зорилгын төлөө Ким Жөн Ун үдэшлэг, бэлэг сэлтэд гар татахгүй хөрөнгө зарж буй гэнэ. Дээрх хэмжээний мөнгө олон улсын зах зээл дээрээс хоёр сая тонн улаан буудай худалдан авахад хүрэлцэх аж. Импортын хүнсээс олон талаар хараат Хойд Солонгост түүний хүрэлцээ хангалтгүйгээс хүн амын зонхилох хувь өлөн зэлмүүн амьдарч байгаа гэдэг.