Африкийн Кени, Танзани улсуудын залгаа нутагт "масаи" хэмээх үндэстэн аж төрнө. Олон зуун жилийн л өмнөх шигээ малаа хариулж, хоорондоо байлдаж, биендээ амраг сэтгэлтэй болж, хүүхэд төрүүлж аж төрөөд, үхэж төгсөнө. Энгай гэх дээд тэнгэр энэ дэлхий дээр байгаа бүх малыг өөрийн хүүхдүүдийн нэг, масаи нарын өндөр өвөгт өгсөн гэдэгт тэд итгэнэ. Эдний нутгаас Африкийн хамгийн өндөр уул Килиманжаро харагдах боловч түүнд масаи нар сүслэхгүй, харин талын дунд байх Ленгай гэдэг арай намхан ууланд мөргөж, хүүхэдтэй, малтай болгохыг гуйна. Энд ирсэн анхны европ хүмүүсийн нэг болох Норман Лейс масаичуудыг "Хүмүүн биеийг ологчдоос хамгийн гоё цогцостой нь. Нарийхан ястай, шилбэ нь бас нарийн, өргөн биш мөртэй, туяхан булчинтай" гэж бичсэн байдаг.
Масаичууд хэдэн гэрээрээ айлсаж нутаглая гэвэл томоо хашаа бариад дотор нь малтай, сууцтайгаа ороод явчихна. Зарим тосгон байшингуудаа тойрог болгож бариад шөнө нь дундах зайндаа малаа хотлуулчихна. Байшинг эмэгтэйчүүд нь барина. Байшин гээд байгаа оромжныхоо хана, дээврийг модны навч, ургамлаар "хийж", дээрээс нь шавар, үхрийн баасаар шавна. Шаваас хатахаар сууц дулаанаа сайн хадгалахын зэрэгцээ борооны ус ч гоождоггүй аж. Сууцны дотор арьс шир байвч түүн дээр суухгүй. Шууд газар сууна. Арьс шир нь хучих, бүтээх зориулалттай. Масаи нарын өдөр тутмын амьдрал мал аж ахуй эрхэлдэг бусад үндэстнийхээс ялгарах юмгүй, ердөө л мал, гэр хоёроо бөөцийлөхөд зориулагдаж байх шиг санагдана. Үнэн хэрэг дээрээ тийм биш.
Масаичууд нь юуны урьд дайчид байдаг юм. ХХ зууны эхээр Кенид амьдарч байсан Данийн зохиолч эмэгтэй Карен Бликсен масаи нарыг дайн хийхээ аль хэдийнэ больсон зоригт дайчид гэж нэрлэсэн нь андуу хэрэг байв. Тэд одоо ч гэсэн үргэлж дайтсаар байна. Нэг омог нь нөгөөгийнхөө газрыг эзэлж авна. Нөгөөх нь хариуд нь малыг нь хулгайлна. Энэ бүхний явцад цус гарахгүй байна гэдэг ховор. Одоохондоо тэд жадаар зэвсэглэх тул эрх баригчид нь нүдээ аниад чимээгүй байцгаана. Харин галт зэвсэг хэрэглээд эхэлбэл байдал тун түвэгтэй болох нь мэдээж. Дайны үед хамгийн чухал юм нь авхаалж, тэвчээр хоёр. Ялангуяа Кенийн масаичуудын дайн зорилгоо ердөө нүд ирмэхийн зуур биелүүлнэ. Гэнэт довтолно, дайсандаа цохилт өгч чадахгүй бол тэр дороо ухарна. Тиймээс ч Кенийн масаичуудыг "Зугтаж амиа аврагчид" гэж хочилдог. Тэгвэл Танзанийн масаи нар тэсвэр, тэвчээрийг эрхэмлэнэ.
Масаичууд амьдралын уламжлалт хэвшлийг баримталж аж төрөх ёстой. Эс тэгвэл дайснаа гэж үзнэ. Тухайлбал уламжлалт мал аж ахуй, нүүдэлчний амьдралаас хальж газар тариалан эрхэлбэл түүнийг жинхэнэ масаи хүн биш гэж хандана. Масаичууд дотор, жишээ нь илнурко гэх дархан цаазат Серенгетигээс умард руу аж төрөх омгийнхон нүцгэн голдуу байцгаадаг. Танзанийн масаи нар өвдөгнөөсөө давсан урт орхимж маягийн юм нөмөрдөг. Кенийн масаичууд болохоор биенийхээ булчин шөрмөс нь зангирсан хэсгийг ил гарган гайхуулж явахыг илүүд үзнэ.
Харин масаичууд бүгд биен дээрээ зосон будгаар угалз хээ зурна. Нутаг бүр өөр өөр өнгийг онцолно. Матапато гэх нутагт улаан өнгөнд дургүй. Ийм өнгийг цустай адилтгаж үздэг байна. Масаичууд цусанд их өвөрмөц ханддаг. Үхрийн цус тэдний хувьд сүүтэй зүйрлэм чухал бүтээгдэхүүн болдог. Үхрийн сүү, цус хоёроор коктейль маягийн юм хийнэ. Сүүг гашилгахгүйн тулд коктейльдоо үхрийн шээс жаахан дусаачихна. Масаичууд малчин, нүүдэлчин болохоор мах их иддэг баймаар. Гэтэл үхрийн мах гэдэг тэдэнд маш ховор юмны нэг. Хүнд өвчтөнийг эмчлэх, дайнд ялсан баатруудаа дайлах болон ихээхэн чухал ёслолын үеэр л мал нядална. Мах, сүү хоёрыг хамт огт хэрэглэхгүй. Амьд (цус), үхсэн (мах) хоёрыг зэрэг идвээс мал сүрэгтээ муу ёр удна гэж үздэг.
Масаичуудад малаас эрхэм юм үгүй. Амьд ч, үхсэн ч бай хүнийг хоёрдугаарт тавина. Масаи эр хэд хэдэн эхнэртэй байж болдог. Харин эхнэр гуйхын өмнө нэлээд тооны малаар сүй тавьсан байх ёстой. Тавин малыг дундаж хэмжээний сүй гэж үзнэ. Олон малтай, бас олон хүүхэдтэй айлыг баянд тооцно. Махчин амьтан, араатан ховор үзэгдэнэ. Масаи хүний нүдэнд араатан өртвөл арьс ширийг нь салгаж авахыг л хичээнэ.
Илд, бамбайнаас гадна масаичууд жижигхэн, махир мунаар зэвсэглэнэ. Хөндлөнгөөс харахад муна бол зүрх алдам эд биш ч, масаи хүний гарт очихоороо аймшигт зэвсэг болж орхино. Бага залуудаа муна шидэж сураад, насан туршаа түүнээс үл сална. Мунаар гөрөөс ална. Эрчүүд нь хариулж яваа сүргээсээ холгүй бутанд нуугдчихаад эгзгийг нь тааруулан мунаа гөрөөс рүү шидэж, аль нэг хөлийг нь хугалж чадвал ганзагаа мялаалаа гэсэн үг. Хазгар болсон гөрөөсийг хөөж бариад амийг нь таслахад юухан байх вэ.
Ер нь масаичууд ан хийх, амьтнаас биеэ хамгаалах нарийн арга ихтэй. Тухайлбал одос үхэртэй тааралдвал алгуур, аяархан холдоно. Үхэр өөр рүү нь дайрах янзтай бол хамгийн ойр байх модонд авирч гарах юм уу, өтгөн өвс рүү шургаад орчихно. Эсвэл байдаг хурдаараа мөлхөнө. Заан хүн рүү дайрах нь ховор, харин масаичууд заан агнах хорхойтой. Хамар дээрээ эвэртэй хирс хараа их муутай амьтан болохоор түүнийг хуурахад түвэггүй. Тойрч гүйгээд байхад л толгой нь эргэчихнэ. Давхиад ирвэл хоромхон зуур хажуу тийш үсэрчихнэ. Ийм үйлдэл хэд дахин хийхээр хирс залхаад дайрахаа болино. Хамгийн аюултай амьтан гэж масаичууд усны үхрийг үздэг. Түүнийг арслан, ирвэс, шилүүсээс ч илүү аюултай гэлцэнэ. Өвсөн тэжээлт энэ амьтанд хүн ойртож очвол ихэд бухимдана, энэ үедээ ямар ч авир гаргаж мэднэ. Арслантай нүүр тулгарах нь хавьгүй дээр гэнэ. Эхлээд тэр дороо зогсчих ёстой. Тэгснээ биеэ хураагаад түүн рүү дайрах гэж буй мэт байдал үзүүл. Зугтаахын тухай бодохын ч хэрэггүй. Авиа чимээ бүү гарга.
Айж буйгаа мэдэгдээгүй тохиолдолд арслан дайрах нь тун ховор. Тэгээд нүүрээ түүн рүү харуулсаар алгуур холд. Масаичууд гаднын хүмүүст ийн зөвлөнө. Арслантай нүүр тулгарсан үед эр зоригоос гадна анаашны гавлын ясыг засаж хурцлаад авч явахад тус болдог байна. Айж сандрахгүй байж, тэр гавлын ясыг арслангийн ам руу нь хийж амиа авардаг аж. Арслангийн ав хоморгод оролцох нь хүүхэд, залуусыг ирээдүйн дайчин эр болгох нэг ёсны бэлтгэл болдог аж. Эрэгтэй хүүхдүүд араатан авлахаар ширэнгэ ой руу хэд хоногоор алга болдог байна. Цатгалан арсланг агнахад хялбар байдаг. Ийм арслангийн хөдөлгөөн их удаан. Арсланд хамгийн түрүүнд жадаа зоосон хүнийг агнасан хүн гэж үздэг. Жадаа шидэхдээ хүн бүр өөрийнхөө нэрийг хэлдэг нь ан хэнийх болохыг андуугүй шийдэхэд хэрэг болдог байна. Арслангийн мах огт хэрэггүй, харин дэл, сүүл, хумсыг нь авдаг гэнэ. Энэ бүхнийг аваад очиход тосгоныхон нь баяр хөөр болж угтана.
Масаи залуус жинхэнэ дайчин эр болохын тулд хэдэн жил эмэгтэй хүнээс хол, битүү ойд хуарагнан байрлаж, дайтах бэлтгэл хийж, арслан намнах, мал хулгай хийхэд биеэ бэлтгэнэ. Түүгээр ч барахгүй энэ хуаранд согтууруулах ундаа анх хэрэглэж үзэх төдийгүй шараа тайлахад үхрийн сүү ямар тустайг ч мэдэж авна. Эндээс ирээд эрчүүд үсээ хусна. Масаичууд их гоёж гангална. Сувсаар хийсэн бугуйвч, зүүлт, бүс, овор ихтэй ээмгийг эр, эмгүй хэрэглэнэ. Сувсаар хийсэн чимэг зүүлтний 50 орчим нэр эдний хэлэнд байдаг аж. Энд орчин цагийн бараа бүхий цөөн дэлгүүр байвч масаичууд түүн рүү ховорхон шагайна. Эмийн сан ер байхгүй, байх ч шаардлагагүй гэж үзнэ. Эрчүүд хуаранд байхдаа уламжлалт эмнэлгийн арга ухаанд эрхбиш суралцана. Ойд нь эмчилгээнд хэрэглэдэг мод, бут, ургамал, үндэс зөндөө. Эндхийн ой асар их сонголттой эмийн сан л гэсэн үг. Тэр бүү хэл үнэртэн танартныг, ариун цэврийн цаасыг хүртэл орлох ургамал навч энд бий. Орой болохоор масаичууд аман дахь бактерийг нь үхүүлэх чадалтай гашуун ургамал зажилна. Түүнийг зажлахаар амнаас шар айраг ч үнэртэхээ байдаг гэдэг.
Р.ЖАРГАЛАНТ