Хятадын бизнесменүүдийн эзэмшдэг "Ralls" компани АНУын Ерөнхийлөгч Б.Обамаг шүүхэд өгсөн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Америкийн Орегон муж улс дахь тэнгисийн цэргийн баазын ойролцоо салхин цахилгаан үүсгүүр байрлуулахыг Цагаан ордны тэргүүн хориглосон талаар есдүгээр сарын 29-нд тус улсын Сангийн яам зарласан. "Ralls" компани болон цахилгаан үүсгүүр үйлдвэрлэгч "Sany group" нь АНУ-ын үндэсний аюулг үй байдалд заналхийлэхүйц үйл ажиллагаа явуулж болзошгүйг гэрчлэх хөдөлшгүй баримт Цагаан ордонд байгаа гэнэ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хамгийн том компани болох "Sany group" -ийн дээгүүр албаны хоёр ажилтан "Ralls"-ын эзэд гэнэ.
Харин "Ralls" компанийн удирдлага Ерөнхийлөгчийг албаны эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчсөн гэж үзэж буйгаа мэдэгджээ. Түүгээр ч үл барам одооноос компанийнх нь үйл ажиллагааны бүх хүрээнд Төрөөс хяналт тавьж, болгоомжтой хандана гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Өмгөөлөгчид энэ асуудалтай холбоотой маргаан тийм хялбар шийдэгдэхгүй хэмээн үзэж байна. Хятадаас ирсэн бизнес эрхлэгчидтэй холбоотой буюу гаднын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавьсан ийм шийдвэрийг АНУ-д хамгийн сүүлд 1990 онд том Жорж Буш гаргаж байжээ. 41 дэх Ерөнхийлөгч тэр үед боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч компани худалдан авахыг нь Хятадын бизнес эрхлэгчдэд хориглосон аж.
Pew research судалгааны байгууллагаас есдүгээр сарын дундуур хийсэн шинэ тандалтаас үзвэл, Америкийн иргэдийн дийлэнх нь тус улсын Хятадтай тогтоосон харилцааг "ерөнхийдөө сайн" гэж үнэлсний сацуу АНУ-д хамгийн аюултай орон нь БНХАУ гэж үзэж буй нь харагдлаа. Тэгэхдээ санал асуулгад оролцогсдын олонх нь Хятадыг АНУ-ын дайсан, түнш гэдгээс илүүтэй өрсөлдөгч хэмээн нэрлэжээ. Харин 26 хувь нь Иран, Хойд Солонгосоос илүүтэй хятадууд Америкт халтай гэж мэдэгдсэн байна.