НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт очсон Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг дагалдан яваа зураглаач Хасан Гол Ханбан АНУ-аас улс төрийн орогнол хүсчээ. Энэ тухай Хасан Гол Ханбаны өмгөөлөгчөөс АР мэдээлэв. Уг эрэгтэй Америкийн эрх баригчдад хэдийд хандсан, ямар нэг хариу авсан эсэх болон эдүгээ өөрөө хаана байгаа талаар мэдээлэл одоохондоо алга. Ханбаны бүрэлдэхүүнд нь багтсан Ираны төлөөлөгчдийн хэсэг үүний өмнө хэвлэлийнхний хараанд өртөөд амжсан юм санж.
“New York daily news” сонинд өнгөрөгч сарын 26-нд гарсан мэдээлэлд Ираны Ерөнхийлөгчийн бараа бологчдын нэг хэсэг хямд бараа, хувцас хайж дэлгүүрээр орсон, мөн эмийн санд хөл тавьсан талаар өгүүлжээ. Гутлын дэлгүүрт орсон тэдний нэг нь сонирхсон бараагаа “хэт үнэтэй юм” гээд, хямдруулах гэж оролдсон байхад, эмийн санд үйлчлүүлсэн иранчууд юуны түрүүнд амин дэм, өвчин намдаах бэлдмэл худалдан авчээ. Олон улсын хориг арга хэмжээ авахуулсан Иранд өргөн хэрэглээний бараа худалдан авах боломжгүй, нүдний гэм болоод байгаа аж.
Дээрх сонинд бичсэнээр бол, Ерөнхийлөгчийг АНУ руу 140 хүнтэй буюу үнэмшихэд бэрх нүсэр бүрэлдэхүүн дагуулж явсан хэмээн эх оронд нь шүүмжилжээ. Зочид буудалд байрлахдаа тэд хоёр ч давхрыг бүтнээр нь эзэгнэсэн гэж байгаа. Ираны Парламентын Аюулгүй байдлын хорооны дэд дарга Мансур Хагигат пур “Төлөөлөгчдийн дунд багтсан цөөнгүй хүн Нью-Йоркт зугаалж яваа” гэж тэмдэглэжээ.
Ираны Ерөнхийлөгчийг дагалдан яваа төлөөлөгчдийг тойрсон дуулиан түүний Хэвлэл, мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөхөд ял оноосон үйл явдалтай цаг хугацааны хувьд давхцаж буй. Мэдээллийн IRNA агентлагийг өмнө нь тэргүүлж байсан Али Акбар Жаванфекрыг IRNA-гийн харьяаны нэгэн сонинд хижаб зүүдэг эмэгтэйчүүдийн талаар шүүмжлэлт өгүүлэл нийтлэн, исламын шашныг гутаан доромжилсон хэргээр хагас жил шоронд хорих ял шийтгэжээ.
Х.ЭНХ