Америкийн түүхэнд анх удаа европ гаралтай цагаан арьст хүүхдүүд нийт шинэ иргэний 50 хүрэхгүй хувийг бүрдүүлсэн нь хүн ам зүйн тэмдэглэхүйц үзэгдэл болж байна. Энэ баримт өөрөө АНУ-ын улс төр, эдийн засгийн амьдралд нэгэнт нөлөөлж буй чиг хандлагын тулгуур болохын сацуу хөдөлмөрийн нөөцийн бүрэлдэхүүнд чухал хүчин зүйлд тооцогдох нь тодорхой хэмээн сэтгүүлч Конор Доэрти, Мириам Жордан нар тэмдэглэжээ. 2010 оны долоодугаар сараас 2011 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Нэгдсэн улсад дөрвөн сая орчим хүүхэд шинээр мэндэлсэн. Тэдний 50.4 хувь нь өмнөх үед “цөөнх” хэмээн нэрлэгдэж асан арьстны хийгээд угсаатны бүлгүүдэд ногдож байна. Тэгвэл үүнээс хоёр жилийн өмнөх мөн үед ийм хүүх дийн эзлэх жин 48.6 хувьтай тэнцэж байсан тухай АНУ-ын Хүн амын бүртгэлийн газар мэдэгджээ. Испани хэлтэй бус цагаан арьст америкчуудын хүн амын дунд, ялангуяа залуу үеийнхэн дотор эзлэх хувь хэмжээ мэдэгдэхүйц багассаар байгаа аж. Тус улсад мөрддөг ангиллын журмаар, Латин Америк гаралтай цагаан арьстнууд “испани хэлтэн” хэмээх тусгай бүлэгт багтдаг. Эл бүлэгт Төв болон Өмнөд Америкийн индианчуудын үр сад бас харьяа лагдана. Дээрх өөрчлөлтийг тус улсын Ерөнхийлөгчөөр анх удаа хар арьстны төлөөлөл сонгогдсон жишээ ямар нэг утгаар давхар нотолж байна. Харин хүн амын бүтэц бүрэлдэх үүнийг нь авч үзвэл, олон янз маяг руу хэлбийж буй аж. Ази гаралтай болон испани хэлт америкчуудын хүрээ хурдацтай өргөжихийн хажуугаар цагаан ба хар арьстны дундах хуваагдал үеэ өнгөрөөж байна. 50-иас дээш насны америк иргэдийн дундах хамгийн өнөр өтгөн цөөнх нь африк гаралтай америкчууд гэж Brooklings Institution хүрээлэнгийн хүн ам зүйч Уильям Х.Фрей мэдээлэв. Тэгвэл 0-50 хүртэлх насныхны дунд европ гаралтай цагаан арьстнуудын дараа испани хэлтнүүд тоогоороо хоёрдугаарт бичигдэж байна. Өнөө Америк дахь арьстан, угсаатны олон янз байдалд цагаачлал гол хөдөлгөгч хүч байхыг больсныг энэхүү илтгэл харуулж байгаа аж. Хэрэг дээрээ цагаан хүн амын хөгшрөлт асуудлын гогцоо болох ажгуу. 2010-2011 оны судалгаанд хамрагдсан үед гэхэд нийт төрөлт буурсан агаад хүн амын бусад бүлэгтэй харьцуулахад европ гаралтай цагаан арьстны дунд эл үзүүлэлт 10 хувиар өндөр гарчээ. Энэ бүхний эцэст ямар үр дагавар илрэх вэ? Эдийн засаг дахь цагаан бус хүн амын хурдацтай өсөлт нь Америкийн хөдөлмөрийн нөөцөд хөгжилтэй бусад орныг мэдэгдэхүйц давамгайлах боломж олгох аж.
Wall Street Journal