Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ) АНУ-ын домогт жүжигчин Мэрилин Монротой ойр дөт харилцаа тогтоосон ч байнгын дарамт, бусдын хэл амны үзүүрт байсан зэрэг нь уг харилцааг гүнзгийрүүлэхэд саад болжээ. Антонелла Колонна Вилазийн бичсэнээр, Монро ЗХУ-ын тусгай албадтай “Маша” хэмээх нууц нэрээр харилцаж байжээ. КБГ-ийн ажилтан асан Людмила Темнова энэ талаар “НҮБ-д суугаа ЗСБНХУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт дипломат халхавчин дор ажиллаж байсан манай нэгэн тагнуулч Никита Хрущевийн 1959 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр М.Монротой холбоо тогтоосон. Энэхүү айлчлалыг тохиолдуулан Зөвлөлтийн ЭСЯ-нд хүндэтгэлийн зоог барих үеэр санамсаргүй уулзаж танилцсан тэдний нөхөрлөл тун удалгүй тодорхой хэмжээнд хүртлээ зузаарсан. КГБ Мэрилинийг маш их сонирхож байсан юм” хэмээн өгүүлжээ. “М.Монро Достоевскийн эх оронд” гэдэг нэртэй баримтат кино саяхан үзэгчдийн хүртээл болсон аж. ЗХУ-ын нийслэл Москвад 1960 онд алдарт жүжигчний хийсэн гэх нууц айлчлалын тухай кинонд үзүүлжээ. Кинонд Владислав Егоров хэмээх нэрээр өөрийгөө танилцуулах эрэгтэй М.Монротой Зөвлөлтийн ЭСЯ-ны хүлээн авалтын үеэр танилцсан тагнуулч аж. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр АНУ-д КГБ-гийн тусгай ажилтан байсан энэ хүн Монрог Москвад урьжээ. Энэ нь 1960 онд Монрог нөхөр Артур Миллертэйгээ муудалцсаны дараахан тохиосон аж. Нисэх онгоцны буудалд тосон авч, өрөөнийх нь цонх Кремль рүү хардаг зочид буудалд байрлуулж, улмаар зусландаа авчирч дайлжээ. Тухайн үед 27 настай байсан Егоров “Энэ бол хэзээ ч мартагдашгүй өдрүүд байсан” гэж дурсаж. “Москвад учирсан хоёр” дахиж нэг нэгийнхээ барааг хараагүй агаад тэр үеэс хойш харилцаа нь бүрмөсөн тасарчээ.
“Panorama”
Х.ЭНХ