ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлав. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд олон шинэ хүн гарч ирснээс гадна “хууччууд” болох Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев, Боловсролын сайд Андрей Фурсенко, Зам тээврийн сайд Игорь Левитин нар албан ажлаа хүлээлгэн өгөхөд хүрлээ.
Рашид Нургалиевын халааг Москва хотын Цагдаагийн газрын дарга асан Владимир Колокольцев авсан бол, Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайдаар Москвагийн ган, хайлшны хүрээлэнгийн ректор Дмитрий Ливанов, Худалдаа, дэд бүтцийн газрын дарга асан Максим Соколов Зам тээврийн шинэ сайдаар тус тус томилогдлоо.
Ерөнхий сайд Д.Медведевийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон шинэ хүмүүсээс танилцуулбал, Татарстаны Холбооны сайдын албыг хашиж байсан Николай Никифоров Харилцаа, холбооны яам, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш Владимир Мединский Соёлын яамыг тэргүүлэхээр болов. Эдийн засгийн хөгжлийн сайдаар Андрей Белоусов, ХАА-н сайдаар Николай Федоров томилогдсон бол, Онцгой байдлын сайд Сергей Шойгугийн халааг түүний орлогч асан Владимир Пучков авчээ. Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар Денис Мантуров, Сангийн сайдаар Антон Силуанов, Эрчим хүчний сайдаар Александр Новак томилогджээ.
Харин Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Спортын сайд Виталий Мутко, Хууль зүйн сайд Алек сандр Коновалов нар албан тушаалдаа үлдсэн аж. Ерөнхийлөгчийн туслах асан Аркадий Дворкович Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдсоныг эс тооцвол олонх дэд сайд албан тушаалдаа үлдлээ. Түүнчлэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, шинэ яамд байгуулагджээ.
Өмнө нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хэмээгдэж байсан яамыг салгаж, Эрүүл мэнд болон Хөдөлмөрийн яам гэх хоёр байгууллага болгов. Мөн Нээлттэй Засгийн газрын харилцаа, холбооны, Алс Дорнодын хөгжлийн яамдыг шинээр байгуулжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд олон шинэ хүн ирснийг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Тэдний зарим нь “цус сэлбэсэн” Засгийн газар олон салбарт өөрчлөлтийг эхлүүлж чадна хэмээж байхад, нөгөө хэсэг нь В.Путиний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн оронд шинэ хүмүүсийг тавьснаар үйл ажиллагаа нь өмнөхөөсөө дээрдэхгүй гэж үзэж буй.
Х.ОД