Канадын Монреаль хотод оюутнуудын оролцсон эсэргүүцлийн жагсаал үймээн болон хувирч, хууль сахиулагчид 186 хүнийг саатуулсан байна. Сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг эсэргүүцсэн оюутнууд худалдааны төв, хэд хэдэн байгууллагын цонхыг хагалж, олон нийтийн хэв журам зөрсөн аж. Уг үймээний үеэр 10 хүн гэмтсэний дөрөв нь хууль сахиулах байгууллагын ажилтан гэнэ. Квебек мужийн парламент өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохиохыг хориглосон шийдвэр гаргасан ч оюутнууд энэ журмыг зөрчжээ. Сургалтын төлбөрийг жилийн 1600 доллараар нэмэхээр шийдсэн нь боловсрол эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн оюутнууд үзэж байгаа юм. Квебек мужийн захиргаа оюутны холбоодын төлөөлөгчидтэй уулзаж, энэ талаар хэлэлцсэн ч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй аж. Одоогийн байдлаар тус мужийн их, дээд сургууль, коллежийн 150 мянган оюутан хичээл хаяж, эсэргүүцлийн цуглаанд оролцож байна.
Х.ОД