Италийн өмнөд хэсгийн Апулия мужийн Бриндизи хотын лицей сургуулийн дэргэд бөмбөг дэлбэрсний улмаас нэг сурагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн тухай АР мэдээлэв. Хотын цагдаагийн газрын ажилтнуудын мэдээлснээр өнгөрсөн бямба гаригийн өглөө сурагчид хичээлдээ ирэх үед дэлбэрэлт болжээ. Тэсрэх бөмбөгийг хоёр үүргэвчинд хийж, сургуулийн хаалганы ойролцоох сурталчилгааны самбарын дэргэд орхисон байжээ.
Дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан охиныг Мелисса Басси гэдэг бөгөөд тэрбээр 16 настай байсан гэнэ. Ерөнхийлөгч Жоржо Наполитано болон Ерөнхий сайд Марио Монти энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг ойрын хугацаанд илрүүлж, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэхийг холбогдох албаныханд үүрэг болгож, энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан гурав хоногийн гашуудал зарлалаа. Хууль, хяналтын байгууллагынхан энэ хэргийг мөрдөж байгаа бөгөөд мафийнхан дэлбэрэлтийг зохион байгуулсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Уг лицейг Сицилийн мафийнхантай олон жил тэмцсэн мөрдөгч Жованни Фальконегийн эхнэрийнх нь нэрэмжит болгоод удаагүй байсан аж. Жованни Фальконе, эхнэр, гурван бие хамгаалагчийнхаа хамт 1992 оны тавдугаар сарын 23-нд халдлагад өртөн, амиа алдсан билээ. Хэрэг гарсны дараа Бриндизи хотын бүх сургуулийг түр хугацаагаар хаажээ.
Х.ОД