Мэрилэнд муж улсын Кэмп-Дэвид дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд өнгөрсөн баасан гаригийн орой "Их найм"- ын уулзалт эхэлсэн. Цагаан ордны тэргүүн Б.Обама хүрэлцэн ирсэн лидерүүдтэй мэнд мэдэлцсэний дараа хүндэтгэлийн зоог барьжээ.
Аж үйлдвэр өндөр хөгжсөн найман гүрний удирдагчид энэ удаа Европын эдийн засаг, Афганы дайн, Сирийн байдал, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хэлэлцэнэ гэж АР мэдээлэв. Баасан гаригийн үдэш барьсан зоогийн үеэр БНАСАУ, Иран, Сирийн талаар хэлэлцсэн агаад Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх байр сууриа талууд тохирсон болохыг Б.Обама тэмдэглэжээ.
Харин чуулганы хоёр дахь өдөр оролцогчид эдийн засаг, эрчим хүч, цаг уурын сэдвээр ярилцаж, хоёр талын уулзалт ярилцлага өрнүүлэв. Тухайлбал, Ерөнхийл өгч Б.Обама, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар өглөө эрт спортын зааланд "болзож", гүйлтийн зам дээр гүйнгээ евробүсийн хямралын талаар санал солилцжээ. Лидерүүд өмнөх өдрийнхтэй адил Вашингтоноос энд нисдэг тэргээр иржээ. Даяаршлыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан гэж эхний өдөр гавьтай юм болоогүй гэнэ. Кэмп-Дэвидийн өргөөний ойр тойронд ч аюулгүй байдлын хатуу чанд арга хэмжээ аваагүй байна.
Чуулганыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхнийг л Америкийн тусгай албаны ажилтнууд эргүүлийн цэгт хоёр удаа шалгаж нэвтрүүлсэн бөгөөд харин лидерүүдээс ярилцлага авах сэтгүүлчдийг нэлээд сүрхий шалгажээ. Ерөнхийл өгчийн өргөөний нутаг дэвсгэр учраас энд фото болон видео зураг авахыг хориглож, тусгайгийнхан оператор, гэрэл зурагчдын үйлдлийг хянамгай ажиглаж байв. Кэмп-Дэвидийн өргөө, нийслэл Вашингтоноос зүүн хойно 100 км-т, 6000 хүн амтай Терионт хотоос найман км зайтай оршдог. Чуулганы үеийн аюулгүй байдлыг хангах штаб чухам энэ хотхонд байрлажээ. Уулын энэхүү өргөөг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин материал техникийн баазын хувиар ашигладаг. Нэгэнтээ энэ хавьд Холбооны цэргийн алба хаагчдын амралтын байр байрлаж байжээ.
Ерөнхийлөгч асан Франклин Рузвельтийн үүнийг Төрийн тэргүүний хотын гаднах өргөө болгон тохижуулсан. Дараа нь Ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауэр ачийнхаа дурсгалд зориулж, өргөөний нэрийг Кэмп-Дэвид буюу Дэвидийн зуслан болгон өөрчилсөн юм. "Их найм"-д АНУ, ОХУ, Их Британи, Герман, Франц, Итали, Япон, Канад багтдаг. ОХУ-ыг Ерөнхийлөгч нь бус, Ерөнхий сайд Д.Медведев төлөөлөн оролцож буйтай холбоотойгоор Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг Европт байрлуулах болон эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвээр Орос, Америкийн хооронд хэлэлцээ болохгүй аж.
Х.ЭНХТУЯА