Умард Ирландын зүүн хойд эрэг дэх Антрим гүнлэгийн нутаг дэвсгэрт ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бүртгэгдсэн байгалийн нэгэн содон тогтоцтой газар байдаг. Үүнийг “Аварга биетнүүдийн зам” буюу “Giant’s Causeway” хэмээн нэрлэдэг. Хадан хясааны ёроолоос дээш өгссөөр тэнгисийн усан доогуур шурган ордог багана хэлбэртэй энэхүү чулуун тогтоцын олонх чулуу нь зургаан талтай бөгөөд дөрөв, тав, долоо, найман талтай ч бий. “Аварга биетнүүдийн зам”-ын хамгийн өндөр хэсэг нь 12 орчим метр хүрдэг бол хадан цохион дахь хатуурсан лаав нь 28 метр хүртэл зузаантай байдаг ажээ. Умард Ирланд дахь хамгийн алдартай аялал жуулчлалын үзмэр болох энэ газар 50-60 сая жилийн тэртээ галт уулын үлэмж идэвх тэй бүс байсан бололтой. Энэ газар нь галт уулын үүсэлтэй 40 мянга орчим хүрмэн ба ганаас бүрддэг. 1987 онд Үндэсний дархан газар болгон зарласан “Аварга биетнүүдийн зам”-ыг “Radio Times” сэтгүүлийн уншигчдын саналаар 2005 онд Нэгдсэн Вант улсын хамгийн агуу байгалийн гайхамшгуудын дөрөвт жагсаажээ.
А.ҮЖИН