Чикаго хот Бид 2012 оны эхний өглөө анхны мөрөө гаргаж нэгдүгээр сарын 1-нд Америкийн хил алхан Чикаго хотын хаалга татлаа. Аяллын маань энэ өдөр идэр ес эхлээд арваад хонож байв. Атлантын далайн бүлээн салхи илбэх нь Ази тивээс алтан соёмбот Монголын минь хаврын салхи таалан үнсэх мэт санагдана. Америкт энэ жил сүүлийн 40-өөд жил болж байгаагүй дулаахан өвөл боллоо гэлцэх нь сонсогдоно. Би буруу сонсов уу гэж чихэндээ итгэж ядан явтал Чикагогийн үүлгүй хөх тэнгэрт сүрэг галуу нисч явахыг харж гайхлаа. Чикаго хотын төв гэхэд Улаанбаатартайгаа адилтган жишиж яривал Сүхбаатарын талбайн дөрвөн талд сүндэрлэдэг Хангарьд цогцолборын барилга шиг өндөр өндөр орд харшууд үүл өргөж үүлс мөргөн сүмбэрлэнэ. Хотын зах руугаа гурван давхраас дээш барилга бараг харагдахгүй цөөхөн. Улаанбаатарынхан бидний ярьж хэвшсэн дан байшингууд “нэг давхар” гэлцдэг орон сууцууд үзүүр нь үзэгдэхгүй 50-60 км урт үргэлжилнэ. Энэ нь цөмөөрөө айлын сууцууд. Хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд алхам бүрд байна. Айлуудын сууц нь хоёроос дээш гурав дөрвөн өрөө. Байруудын дундуурх зам торох зүйлгүй шулуухан цардмал. Замын хажуугаар мод ургамалтай цэцэрлэг.
Цагаахан цахлай жигүүр дэлгэн эргэж, нугас галуу хөвөх хиймэл нуурууд байна. Автомашины замд түгжрэл саатал алга. Замын голд зогсож зохицуулдаг цагдаа ч үзэгдэхг үй. Бүх хөдөлгөөн гэрлэн дохиогоор явагдана. Хуй салхи шиг хурдалж болох хурдны замууд зурайна. 150-180 милийн хурдтай явж зорьсон хэргээ бүтээх боломж бүрэн. Үүнээс ч хурдан явж болно. Айл бүхэнд зурагт, компьютерээс эхлээд, утсан холбоо интернэт, хий, цахилгаан зуух байна. Тэтгэвэрт байгаа хөгшид машинаараа явж, салхинд гарч, амралтын газраар зугаална. Гэртээ суугаад интернэт холбоогоор байр чийдэнгийн хөлсөө төлж бүх ажлаа амжуулна. Наятай, ертэй хөгшид олон аж. Зуун настангууд ч зөндөө олон. Ингэж урт наслахын нууц нь эрүүл тайван орчин ахуй, хөд өлгөөн ажээ. Чикагогийн их сургуулийн эм зүй наслалтын судалгааны багш судлаач Шей Олшанский хөдөлгөөн хүнийг эрүүл байлгаж урт наслахын гол нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнийг энгийн үгээр жишээлж яривал машиндаа тос маслыг нь тааруулан тохируулахтай адилхан гэж зөвлөмж бичсэн байна билээ...
Чикагод биеийн хөдөлгөөнт дасгал хийж өглөө эрт цэцэрлэг дотуур гүйж яваа залуучуудаас гадна хөгшид хүүхнүүд олон харагдсан. Энэ хотын залуучууд уралдаан тэмцээнд Америкийн дэвтэр тогтмол оролцож Америк даяараа нэрээ цуурайтуулж аваргалдаг гэнэ. Чикагог “Чикагогийн бухнуудын хот” гэж америкчуудын хэлдэг нь тоглоом шоглоом биш бололтой. Чикаго хот Канад улстай хиллэдэг зүүн хойд хэсгийн Мичиган нуурын эрэг дээр оршдог. Дэлхийд хоёрдугаарт ордог Атлантын далай нь 8742 метр гүн. Номхон далай гэхэд дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзэлдэг 11022 метр гүнтэй. Эдгээр далайгаар хүрээлэгдсэн эх газарт АНУ-ын хотууд сүндэрлэдэг ажээ. Вашингтон Энэ хотыг ажил хэрэгч хүмүүсийн хот гэлцэнэ... Дэлхийд алдартай Цагаан ордонг зорилоо. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачилгаар энэ ордон анхны сууриа тавьсан түүхтэй. Тэр нь 1792 он. Сүндэрлэн босч дэлхийд сүүдрээ тусгасан цаг нь 1800 оны өглөөний нарнаар найман цагт гэлцэнэ. Үүнээс хойш АНУын үе үеийн ерөнхийлөгчид энэхүү ордноо өргөтгөж засварлан гоёж тохижуулсаар 1901 онд Цагаан ордон гэсэн нэрээр дэлхийд гангарчээ. Энэ ордон олон нийтэд нээлттэй. Үнэ төлбөргүй орж үзэж ч болдог. Дэлхийд алдартай цорын ганц ордон гэлцэх юм билээ. Өдөрт ойролцоогоор 5000 хүн орж зочлон сонирхдог гэнэ. Эрдэмтэн мэргэд хойд Америкт монголчуудтай төстэй монголжуу царайтай хүмүүс олон байдаг гэж бичдэг аж.
Иймэрхүү хүмүүстэй нэг биш тааралдаж явлаа. Үүнийг нотлох индейчүүдээс эхлээд монголжуу царайт арьстан олон гэнэ. Дэлхийн хүн амын тал хувь нь Чингисийн удмынхан гэж Хятадын эрдэмтэд мэдээлсэн. Энэтхэгт 3.5 сая монгол угсаатан байгаа тухай түүхчид тодорхойлдог. Америк 308 сая 223 мянган хүн амтай гэсэн судалгаа байдаг. Америк тивийг Испанийн далайчин Христофер Колумб нээсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. АНУ-д 2.3 мянган их сургууль коллежид 15 сая оюутан суралцдаг гэсэн тоо бий. Эдгээрийн дотор монголчууд маань ч цогиулж яваа. Нью Йорк хот Америкчууд төдийгүй дэлхий дахинаар Нью Йоркийг эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хүнд мэдрүүлдэг хот гэлцэх юм билээ. Би бодохдоо НҮБ-ын төв ордон энд байдагт болов уу гэж бодож явсан юм. Америк, Канадад Христмосын баяр гэгч болж арванхоёрдугаар сарын 25-нд нижигнэдэг юм байна. Энэ үеэр манайхны ёолк болдог шиг хотын гудамж талбай өнгө өнгийн гэрлээр чимэглэгдэж, Нью Йорк хот жинхэнэ гандирсын хот уу гэлтэй тансаг сайхан харагдана... Өвгөд хөгшдөөс эхлээд 50 гарсан болов уу гэмээр хүмүүст ажиллаж байгаа газруудаас нь хоол зуушны газруудаар сууж тухлах урилга заллага олон ирдэг гэнэ. Иим газар цугларсан өвгөд ёстой л шавайгаа халж, ханатал хөөрөлдөж хөгжилдд өг бололтой. Нью Йоркийн нэгэн зоогийн газар хэдэн хөгшидтэй тааралдав. Тэд хоолондоо жимс ногоо түлхүү хэрэглэн, тахиа, гахай, загасны мах ч тавьсан харагдана.
Манайхны тарваганы боодог шиг бөндийтэл шарж жигнэсэн цацагт хяруул гэдэг том шувууны мах тойрсон өвгөдийн дэргэд суув. Тоодогны мах тогоо дүүрдэг гэдэг. Түүнээс ч том шувуу юмаа гэж надад санагдсан. Хүнсний дэлгүүрээр зарагддаг цацагт хяруул 40-50 долларын үнэтэй байдаг юм билээ. Өвгөд энэ тэрийг ярьцгааж, инээлдэж хөхрөлдөнө. Жүрж ихээр идэж бай! гэж нэг нь нөгөөг өө цаашлуулна. Сонсоод байх нь ээ эрэгтэйчүүдэд ээлтэй жимс гэж жүржийг онцолдог юм байна. Халуун орны энэ жимс бидэнд ус агаар мэт хэрэгтэй гээд нэг өвгөн эрхий хуруугаа гозойлгоно. Тэр манай Америкийн эрдэмтэд эрэгтэй хүн өдөрт 2-3 ширхэг жүрж идээд байвал тамир тэнхээ нэмэгдэж бэлгийн чадавхи нь сайжирдаг болохыг туршилтаар нотолжээ гээд тас тас хөхрөв. Энэ яриаг сонссон болохоор энд бичихээ нуугаад ч яахав гэж бодлоо... Манай өвгөчүүл түрүү булчирхай томорлоо гэж ярилцах нь сонсогддог. Энэ өвчнийг зогсоож, анагаах аминдэм жүржид байдаг гэнэ шүү та минь гэж өвгөддөө хэлмээр санагдлаа. Өөр нэгэн сонин гэвээс ганц лааз сайн чанарын пиво өдөр бүр уугаад явбал зүрхний шигдээс өвчнөөс өөрийгөө чөлөөлж чадна гэнэ. Пивонд байдаг этанол гэдэг бодис ахмад хүмүүсийн цусыг шингэрүүлдэг гэнэ. Анхаарах зүйл энд бий! Ганц лааз пивоо хоёр болгоод давуулчихвал давс дангаар нь идсэнтэй адилхан эвгүй байдалд орно шүү гэж өвгөд хөгжилдөнө. Унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг гээд өвгөд ноотой, ноцтой юмны зах сэжүүрээс сэрэмжлүүлэн ярилцаж суулаа... Нуур амгалан бол нугас амгалан гэдэг. Нуугиж цалгисан Нью Йорк надад ийн бодогдлоо. Тийм ээ! 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр! Монгол Улсын алтан соёмбот далбаа Нью Йорк хотноо НҮБ-ын индэр дээрээс намирч НҮБ-ын бүрэн эрхт гишүүн гэдгээ дэлхийд зарласан түүхт баярын өдөр санагдлаа. Америкийн том том хотуудыг товчхон тойрч үзээд тэр бүхнийг бичиж тэмдэглэнэ гэдэг над шиг хүнд амарг үй даваа, барахгүй ажил санж. Америкаар аялсан миний хувьд Атлантын далайн их уснаас халбагаар хутгасан мэт аар саархан юм тэмдэглэсэн минь энэ. сануулга
...Америкийн амьдрал сайхан ч андуурч эндүүрмээр зүйл гардаг бололтой. Арга зальтай хүний үгэнд хууртагдаж амьдралаа дээшл үүлье гээд аргамаг хурдан хүлгээ эмээллээд Америк орсон нэгэн залуу эндүүрээд илжгэнд эмээлээ тохсон шиг хөглөсөн сураг сонсогдсон… гээд америк өвгөн харамсаж ярьж суулаа. Автобус метроноос буугаад бутан дээр бужигнасан шоргоолж гэлтэй гүйлдэж явсан үүргэвчтэй боровтор залуусыг манайхан мексикч үүд гэдэг байснаа сүүлдээ монгол гэлцэх болсон. 1990- ээд оноос өмнө цагаачилж ирсэн монголжуу царайтай мексикүүд ажлыг хүнд хүчир гэлгүй баян эздийн гар хөл болон зүтгэдэг байсан юм. Тэгтэл 90-ээд оноос хойш танай монголчууд ирж мексикүүдийг “мөргөөд” гарч ирсэн гээд хүд хүд хөхрөв. Овсгоотой сэргэлэн олон давуу талтай монгол залуусыг Америк таалалдаа авалгүй яахав гээд өвгөн америк янжуураа сорон ярихыг би тэмдэглэж суулаа. Орост төгссөн ромботой залуус Монголоос ирсэн гэлцэх юм. Ажил хайж яваа юм уу даа. Төгссөн сургууль их дээд нь хамаагүй ээ! Энд ирсэн хүн англи хэлнээс гадна америк мэргэжил эзэмшсэн, ядахдаа коллеж төгссөн байх шаардлагатай... Манай энэ Америк чинь аль эрт авдраа уудалж авах юмаа аваад ач буяныг нь хүртэж байгаа юм. Гэтэл танай Монголыг дуулахнаа уудам баялаг нутаг, уул устай сайхан орон дуулдах юм билээ.
Газар шороогоо ашиглаж эрдэс баялгийнхаа эзэд болж амжаагүй юм уу даа. Газар шорооныхоо дээжээс гартаа оруулж, гэртээ оруулаад гэдсэндээ хийх хэрэгтэй. Тэгж чадсан цагт иргэн баян болж улс хөгжиж чадна. Ой мод, эрдэс баялгаа зөв зохистой ашиглах хэрэгтэй. Олборлож ашигласан газартаа овоолсон шороо, онгорхой нүх хэрхэвч үлдээж болохгүй. Оргодол шургалаж ороолон үүрлэнэ гээд салхилж суусан өвгөн бас л хүд хүд инээлээ. Тэгснээ цагаа харж босуутаа явж өглөө. Би ч буудлаа зорьж такси барьтал монгол залуу тааралддаг юм байна. Монголоос явааг минь мэдэв үү яав, нүүрээ буруулж ичиж байгаа бололтой. Сайхан залуу юм. Би ч ичих шиг боллоо. Нэрээ хэлэхгүй янзтай. Нэрийг нь энд дурдаад ч яахав гэж бодлоо. Америкт такси жолоодоод доллар олно гэдэг залуу эрдэмтний хийх ажил яавч биш ажээ. Тэр энд ирээд харласан гэнэ. Монголдоо очихоосоо ичиж зовсон, аав ээжээсээ эмээсэн нэгэн байлаа. Америкийн гэр бүлүүд цөмөөрөө машинтай. Авгай хүүхдүүд нь ч машинтай болохоор такси хөлөглөх хүн бараг байхгүй. Ийм л амьдралын дунд ёроолгүй далайн эргүүлгэнд орсон шиг эндүүрч яваа залуутай тааралдсан юм. Тийм ээ! Америк доллар гэдэг ногоон мөнгийг Алтай Хангайтай маань адилхан өндөр болгож овоолсон газар биш юм байна. Америкт аж байдлаа дээшлүүлж амьдаръя гэвэл санаснаар болдоггүй юм билээ... Ажил хайж явсан залуу ярьж байлаа.
Ажилд орох санаатай сурагласаар аль нэгэн пүүс, компанийн эзэнтэй уулзахад эзэн сайхан хүлээж авна. Дээшээ суу чихэр, жимс ид гэж ч мэднэ. Та Америкт хэдийд ирсэн бэ? Америк иргэн болсон уу? Бидний ярьдгаар ногоон карт авсан биз дээ гэнэ. Америк иргэн болж чадаагүй, ногоон карт бүтэх байх. Хөөцөлдөж байгаа. Би ажил голохгүй, ямар ч ажил байсан хамаагүй хийнэ гээд англиар түгдрэн ярьсан болгоныг чинь анхааралтай сонссон эзэн. “За! Танд баярлалаа. Ажил олгох талаар ярилцана.Танд хариу мэдэгдэнэ. Та хүлээж байгаарай! Сураглаж байгаарай баяртай” гээд “шилийг” тань харна. Ийм эздээс ажил өгөх байх гэж горьдож суусаар арваад жил болж байгаа хүмүүс байдаг гэнэ. Америк! Ул суурьтай бодож урагшаа харж амьдрах газар юм билээ. Энэ газарт очсон хүн уруудаж унтарсан хойноо уйлж унжаад ч нэмэргүй. Доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол гэгч болох юм билээ. Казино хэмээгдэгч хожилцооны газар орж азаа үзнэ гэж зарим хүмүүс бодож болох. Тэнгэр бурхан мэрэгч төлөгчид үзүүлээд, сайн өдөр, цагийн мэнгэ гариг, цагаа тооцоод тоглодог газар биш шүү та минь. Эхлээд тоглосон зарим хүн 50 доллар, 100 доллараа өсгөж 200-аас 500 ч болгож болно. Ахиулаад авна гээд “агдагнаж” суутал аль ч үгүй болж гарах газар шүү та минь. Манай дэлхий! Манай гэр! Миний гэр ч гэсэн үг байдаг.
Наран мандах нутаг Ази тивийн төв хэсэгт оршдог монголчууд бидний өвөг дээдэс Америк тивд амьдарч байсан тухай түүхийн бүдэг зам мөр байгаа. Эртний цагт монгол нутгаас цөөн хүмүүс Америк тивд ирж суурьшин амьдарсан нь индианчууд. Индианчууд болохоороо бид монгол гаралтай гээд өгзөг дээрх хөх толбоо үзүүлдэг. Төв Азийн Монголоос Аляскийн хойгоор дамжиж Төв Америкт ирж суурьшжээ гэсэн дүгнэлт түүхчид гаргадаг. Эдгээр баримтуудаас үзэхэд бидний монголчууд Америкийн уугуул иргэдтэй удмын холбоотой гэсэн нотолгоо гарч болох талтай... Энэ тухай түүхчид судлаачид мэдэг. Ямартай ч гэсэн Ази тивд ардчиллын туг анх мандуулсан Монгол ахан дүүсийн маань хэсэг Америкт аж төрж, сурч, ажиллаж байна. Эдгээр иргэдийн маань зорьсон хэрэг бүтэмжтэй, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай... Дэлхий дээр 230-аад улс орон байдаг гэдэг. Ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого монгол хүн бүхэнд хаана ч очиж болох хаалга үүдийг нээж өгчээ. Гэхдээ талын монгол айл шиг ирсэн болгонд үүдээ нээж өгдөг зочломтгой айл улс орон дэлхийд аль хэр олон билээ?...
Сэтгүүлч Д.Дамбадаржаа