Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Гантулга согтуудаа машин жолоодож яваад хүний амь бүрэлгэжээ. Тэрбээр “Марк-2” автомашинаараа тус аймгийн төвийн гол замаар хурд хэтрүүлэн давхиж, гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг дайрсан байна. Тухайн үед үзлэг шалгалт хийсэн зам тээврийн хэрэг бүртгэгч, шинжээч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсэн. Хурд 70 км/цагаас дээш байсан гэж дүгнэсэн гэнэ. Ослыг харсан цагдаагийн ажилтнууд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч маш хурдтай явсан гэж хэлсэн аж. Осол гаргасан хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Гантулга ч согтуу явснаа хүлээжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд Баянхонгор аймгийн шүүх удахгүй шүүх хурлыг товлох гэнэ.