Төсөв танах зорилгоор хэрэгжүүлж буй татварын бодлогыг эсэргүүцсэн хүмүүс Италийн хэд хэдэн хотод үймээн дэгдээсэн байна. Ром, Милан, Витербо, Ливорно, Неапольд болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн бөгөөд олон нийтийн хэв журам зөрчсөн хүмүүсийг цагдаагийнхан саатуулжээ. Татвар, торгууль хураан авдаг “Equitalia” компаниас нэхэмжлэл хүлээн авсан нэгэн эр амиа хорлосноос олныг хамарсан үймээн эхэлсэн аж. Энэ явдлын дараа Неаполийн 600 гаруй оршин суугч тус компанийн байрны дэргэд цуглаж, татвар нэмэхээ зогсоохыг шаарджээ.
Одоогийн байдлаар “Equitalia” компани түр хугацаагаар хаагдаад байгаа аж. Сүүлийн хэдэн сард Италид татварын байцаагч нарт халдсан хэд хэдэн тохиолдол, Милан хотын татварын албанд тэсрэх бодистой дугтуй илгээсэн явдал ч гарсан байна. Хямралын эсрэг чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа татвар нэмэх бодлогоос болж иргэдийн дунд амиа бүрэлгэх явдал ихэссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2010 онд санхүүгийн асуудал, өр зээлээс болж 187 хүн амиа хорлосон бол, 2012 онд энэ үзүүлэлт эрс нэмэгдсэн аж. Хамгийн сүүлд л гэхэд тэтгэврийнх нь хэмжээг 800-гаас 600 евро болгож танасанд сэтгэлээр унасан нэгэн эмэгтэй амиа хорложээ.
Үүнээс өмнө амиа хорлосон хоёр эр гэрээслэлдээ татварын бодлогоос болж сэтгэлээр унаснаа бичсэн аж. Ерөнхий сайд Марио Монти үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан татварын албаныхантай уулзахаа мэдэгджээ.
Х.ОД