Монголд сүүлийн жилүүдэд хүний санаанд оромгүй, аймшигтай, хэрцгий үйлдэлтэй гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Ийм нэгэн жигшүүрт хэргийг саяхан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хэлэлцэж, гэмт этгээдэд шат шатны шүүхээс оноосон ялын дээд хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Монгол Улс цаазын ялаас татгалзаж буй энэ үед яагаад ийм ял оноож байна вэ гэж гайхах хүн ч байгаа. Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасаагүй болохоор уг ялыг оноосон талаараа шүүгчид тайлбарладаг. Хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөж, шатаасан аймшигт хэргийг дор дурдсу. Эндээс харгис алуурчдад цаазын ял оноож байгаа нь зөв, буруу эсэхэд уншигчид дүгнэлт хийх биз.
ЯДУУ ГУЙЛГАЧИН ГЭЖ ЗАГНАСНЫГ ХЭРЭГТЭН ДОРОМЖЛОЛ ГЭЖ ҮЗЭВ
2011 оны долоодугаар сарын 1-ний 04.00 цаг. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг, Алтайн гудамжинд айлын гадаа хог хийдэг төмөр торх өнхөрч ирсэн байжээ. Өглөө эрт сэрэн бие засахаар гарсан 15 настай хүү их л айсан байдалтай орж ирэн эцэг, эхээ сэрээжээ. Тэрбээр гэрийнхэндээ “манай гэрийн ард төмөр торхонд хүн хийгээд шатаагаад хаячихсан байна” хэмээжээ. Гайхсан эцэг, эх нь гарч хартал төмөр торхноос хүний хоёр хөл цухуйж байсан бөгөөд утаа уугиж байсан гэнэ. Тэд цагдаад дуудлага өгснөөр эрүүгийн 211471178 дугаартай хавтаст хэргийг хуулийн байгууллагаас нээжээ.
Цагдаагийнхан ирж хэргийн газрын үзлэг хийхэд аймшигтай дүр зураг тэднийг угтсан гэнэ. Хохирогч эмэгтэйн толгой байхгүй, аяны хөнжилд боож шатаасны улмаас хоёр хөл нь шилбэ, гуяныхаа орчимд түлэгдсэн байжээ. Шүүх эмнэлгийн шинжээчид “Хохирогчийн цогцост үзлэг хийгээд хөнгөн зэргийн согтолттой, амиа алдахын өмнө бэлгийн харьцаанд орсон. Хүзүүндээ авсан хутганы шарх, венийн судас тасарсны улмаас амиа алдсан. Толгой нь тасарсан, хөл нь түлэгдсэн шарх нь амиа алдсаны дараа үүссэн” гэж дүгнэжээ. Ингээд тэр өдрөө эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, хохирогч эмэгтэйн үерхдэг Ц.Жаргалбаярыг сэжиглэсэн байна.
Харин энэ үед Ц.Жаргалбаяр хувцсаа сольж өмсөөд Баянбулагийн зусланд гарсан ээжийнх рүүгээ очиж, торонд хийсэн цустай хувцсаа хүүхдээрээ хаяулахаар явуулсан байв. Гэвч тэрбээр хогийн цэг рүү явсан охиноо буцаад ирэхэд нь хаясан зүйлээ буцаагаад аваад ир хэмээн явуулаад их л айж түгшсэн байдалтай байжээ. Энэ тухай ээж нь “2011 оны долоодугаар сарын 1-ний 10.00 цагийн үед Ц.Жаргалбаяр их айсан байдалтай гаднаас ирсэн. Тэгээд “Намайг Эрүүгийн цагдаагийнхан хайж байгаа, хоол унд байна уу” гээд айгаад цочоод байхаар нь “Чи хулгай хийгээ юү” гэж асуутал “Үгүй” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсан. Удалгүй цагдаа нар манайд ирээд түүнийг гавлаад авч явсан” гэж ярьжээ.
Харин Ц.Жаргалбаярын эгч нь “Сая над руу Эрүүгийн цагдаагийн газраас ярьж байна. У-гийн аав, ээж нь намайг нэг хэрэгт холбогдуулах гээд байна. Цагдаагийнхан ирээд намайг асуувал “Урьд шөнө энд хоносон” гэж хэлээрэй” гэж байж. Ц.Жаргалбаяр цагдаагийнханд баригдсаныхаа дараа “Би талийгаач У-д маш их хайртай байсан. Түүнийг хөнөөе гэж бодоогүй. Тэрбээр өмнөх өдөр нь ажил дээрээ архи уугаад намайг дуудсан. Ажил руу нь очиж, түүнийг аваад гэр рүүгээ ирээд унтаж амаръя гэтэл талийгаач зүрх өвдөөд байна гээд унтахгүй байсан. Тэгээд надаар даажигнаж, “Чи доожоогүй, ядуу, гуйлгачин” гэж доромжилсон. Энэ үгэнд нь би маш их цочирдоод нэг мэдсэн төвөнхийг нь дараад зогсож байсан. Хүн алчихлаа гэж би цочирдоод нэг хэсэг яахаа ч мэдэхгүй болсон. Тэгээд талийгаачийн хувцсыг өмсгөх гэж оролдоод чадаагүй. Хөнжлөөр бүтээгээд хажууд нь нэг хэсэг суулаа. Тэгээд цогцсыг нь нуух санаа сэдсэн. Ингээд толгойг нь тасалж жорлонгийн ухсан нүх рүү хийж, цогцсыг поошигт хийн айлын тэрэг гуйж аваад жалганы эрэг рүү хаясан. Талийгаачийн хувцсыг цүнхэнд хийж яваад III хороололд аваачиж хаясан” гэжээ. Тэрбээр гэм буруугаа амиа алдсан хүн рүү чихэж, түүний хэлсэн үгэнд гомдсон гэж хаацайлахыг оролдож суугаа нь эмгэнэлтэй. Хоолойг нь боомилсноос болж нас барсан гэж тайлбарлаж буй ч шүүх эмнэлгийн шин жилгээний дүгнэлтээр ийм ул мөр, шинж тэмдэг илрээгүй аж.
ТАЛИЙГААЧ САЛСАН НӨХӨРТЭЙГӨӨ ЭРГЭЖ СУУХ ГЭЖ БАЙСАН ГЭВ
Хохирогч У, хэрэгтэн Ц.Жаргалбаяр нар хэн хэн нь ганц бие байжээ. Учир нь Ц.Жаргалбаярын эхнэр нь цаг бусаар хорвоогоос халиад хэдэн жил болжээ. Харин У нөхрөөсөө салаад багагүй хугацаа өнгөрч байж. Энэ үед тэд танилцсан гэнэ. Талийгаач У Ц.Жаргалбаярын хоёр хүүхдэд их сайн хандаж, халамжилдаг байжээ. Энэ тухай хэрэгтний охин “Миний ээж 2009 онд нас барсан. Түүнээс хойш хэдэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын дундуур талийгаач У эгч манайхаар ирдэг болсон. Дүү бид хоёрт маш сайн ханддаг. Аавтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, нийлээд архи уух үе байсан” гэж мэдүүлжээ.
Ц.Жаргалбаяр архи ууж, хараал тавин хэд хэдэн удаа талийгаачид гар хүрч байсныг хөршүүд нь харснаа цагдаагийнханд хэлсэн байна. Тухайлбал, “Өнгөрсөн хавар Ц.Жаргалбаяр согтуудаа У-г зодоод, жин тавих гэсэн юм, мөс хөлдөөгөөд өгөөч” гээд явж байсан гэж нэгэн хөрш нь ярьжээ. Харин талийгаачийн эх Ц “Миний охин нөхрөөсөө салчихаад ганц бие явж байх даа Ц.Жаргалбаяртай танилцсан юм билээ. Талийгаач түүний хоёр хүүхдийг их өрөвддөг, гэртээ хүртэл дагуулж ирдэг байсан. Жаргалбаяр миний охиныг зодож байгаагүй гэж ярьсан нь худлаа. Хэд хэдэн удаа тэднийд хоноод ирэхдээ шанаа нь хөхөрчихөөд ирсэн. Тэгээд надад худлаа хэлж “Шүд өвдөөд” гэдэг байсан. Би тэр үед нь талийгаачийг “Ц.Жаргалбаяраас сал, чамд хань болох хүн биш” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Миний охин тэдний хүүхдүүдийг өрөвдөөд хэдэн төгрөг олбол бариад гүйдэг. Нэг өвөл тэд уулзаагүй, Ц.Жаргалбаяр талийгаачийг надаас асуухаар Оюутолгой явсан гэж худлаа хэлж байсан юм.
Харин талийгаачийн минь хуучин нөхөр түүнтэй уулздаг болсон байсан. Нөхөртэйгөө эргээд суух гэж байхад нь Ц.Жаргалбаяр дундуур нь ороод нийлүүлээгүй байсан” гэв. Сонгинохайрхан дүүргийн шүүх энэ хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд Ц.Жаргалбаярыг хүний амь бүрэлгэж, ул мөрөө устгах зорилгоор цогцсыг шатаасан, толгойг нь тасалсан гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ оноосон байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Жаргалбаяр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан аж. Тэрбээр давж заалдах гомдолдоо “Миний бие өрх толгойлсон эцэг бөгөөд хоёр хүүхэд болон хүний асаргаанд байдаг 63 настай, ээжийг минь бодож ялын зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж байжээ. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хурлаас ялын дээд хэмжээг хэвээр үлдээж, нийт шүүгчдийн хурлаас ч дээрх ял хийсэн хэрэгт нь тохирсон гэж дүгнэсэн юм.
Г.РАВЖАА