Грекийн зүүний радикал “Сириза” эвслийн удирдагч Алексис Ципрас Засгийн газар бүрдүүлэх мандатаасаа татгалзсан тухай AFP мэдээлэв. А.Ципрас уржигдар намынхаа гишүүдтэй уулзахдаа “Зүүний Засгийн газар байгуулах мөрөөдлөө бид биелүүлж чадсангүй. Ерөнхийлөгчөөс авсан, Засгийн газрыг бүрдүүлэх мандатаа би маргааш хүлээлгэж өгнө” хэмээн мэдэгджээ. Энэ сарын 6-нд болсон Парламентын ээлжит бус сонгуульд “Сириза” эвсэл II байр эзэлж, мандатын олонх баруун төвийн “Шинэ ардчилал” намд оногдсон.
“Шинэ ардчилагчдын” удирдагч Антонис Самараст Грекийн хуулийн дагуу тавдугаар сарын 7-нд Засгийн газрын танхим бүрдүүлэх эрхийг нь өгчээ. Гэтэл тэрбээр “Бусад намын удирдлагатай хэл амаа олж дөнгөхгүй” гэсэн шалтгаан тоочиж, тэр өдөртөө мандатаас татгалзсан юм. “Шинэ Ардчилал”, “Сириза”-гийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх эрх сонгуульд гуравдугаар байр эзэлсэн бүх Грекийн социалист хөдөлгөөнд (БГСХ) шилжинэ. Тус намын тэргүүн, сайд асан Евангелос Венизелос тулгамдсан даалгаврын өмнө бас бүдэрвэл Грекийн Ерөнхийлөгч Парламентад суудал эзэлсэн бүх намд хандаж, “нэгдсэн Засгийн газар” байгуулахыг уриалах юм байна. Тавдугаар сарын 17-ны дотор “нэгдсэн Засгийн газар” мэндлэхгүй байх аваас тус улсад сонгуулийг дахин зарлахад хүрэх нь. Грекчүүд эдийн засгийн хямралд орсноос хойших анхны сонгуулиа хийсэн ч засаглалын хямралыг гэтлэх асуудал ийнхүү дахин гацаанд орлоо.
Ээлжит бус сонгууль зарлахаас өмнө засгийн эрхийг БГСХ болон “Шинэ ардчилал” хамтран барьж байсан. Энэхүү эвсэл Европын холбоо, ОУВС-гаас хөрөнгө санхүүгийн тусламж авсныхаа хариуд төсвийн эдийн засгийн хатуухан бодлого явуулахаар амласан байна.