Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкотой холбогдох хэрэг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Киев хийгээд Европын хэд хэдэн орны эрх баригчдын хооронд зөрчилдөөн үүсэх шалтгаан болоод байна. Хатагтай Тимошенко өнгөрсөн онд Оростой байгуулсан хийн хэлэлцээрт албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр долоон жилийн хорих ял сонсож, өдгөө шоронд хоригдож буй. Үндэсний шигшээ багуудын дунд өрнөх дээрх тэмцээнд оролцохоос татгалзаж магадгүй гэдгээ энэ удаа Испанийн удирдлага илэрхийллээ.
Бүр тодруулбал, Ю.Тимошенкогийн шоронд хоригдож буйтай холбогдох асуудалд Украин “чихгүй толгой царайлсаар” байх аваас Европын хөлбөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолтыг Испанийн Засгийн газар бойкотлох гэнэ. “Хэрэв Испанийн шигшээ фи налд шалгарвал манай Засгийн газраас тоглолтод нэг ч төлөөлөгч илгээхгүй” хэмээн Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль ГарсияМаргальо мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй шувтаргын тоглолтод үндэсний шигшээ баг нь оролцохоор болбол Киевийн цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд испаничууд бөмбөг өшиглөхөөр гарахгүй байхыг ч сайд үгүйсгэсэнгүй. Чухам ийм бойкотын талаар Герман, Польшийн талтай ярилцаж буй Мадрид Евро-2012-ын Украины цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтуудыг өөрийн нутагт зохион байгуулахад бэлэн гэдгээ нэгэнт илэрхийлээд байгаа.
Британийн хунтайж Уильям Донецк бо лон Киевт зохиох Английн шигшээ багийн тоглолтыг очиж үзэхгүй хэмээн саяхан мэдэгдсэн бол, Германы Канцлер Ангела Меркель шувтаргын тоглолтод байлцах эсэхдээ эргэлзэж буйгаа өмнө нь илэрхийлсэн юм. Германы үндэсний шигшээ финалд тунасан тохиолдолд багийн ахлагч нь дуулианы төвд орж мэдэх нь. Учир нь, финалын тоглолтод оролцогчдод баяр хүргэхээр гарч ирвэл нь Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой гар барих эсэхээ сайтар бодно хэмээн Филипп Лам Der Spiegel-д ярьсан аж. Евро-2012-ыг Украин, Польш зохион байгуулахаар бэлтгэж буй.
Шувтаргын тоглолтууд зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 1-нд болох юм. Евро-2012-ын өмнө үүсээд буй энэхүү сөргөлдөөнт уур амьсгал Украины удирдлагыг экс Ерөнхий сайдаа хилийн чанадад эмчлүүлэхээр илгээхэд л хүргэх болов уу гэж зарим шинжээч өгүүлжээ. Тимошенко ч үүнийг хүсч, зорьж буй. Харин Ерөнхий сайд асныг ял шийтгэлээс чөлөөлөх асуудал энд яригдаагүй гэдгийг “Украинский барометр” төвийн удирдагч Виктор Небоженко цохон дурдав.
Ю.Тимошенког өөрийн улсад эмчлүүлье хэмээсэн саналыг Германы Канцлер А.Меркель, Ерөнхий сайд байхдаа Оросын Ерөнхийлөгч В.Путин тус тус дэвшүүлсэн ч хоригдол хилийн дээс давахыг манай хуулиар хориглодог гэсэн хариу Украины ДХЯ-наас сонссон юм.
Х.ЭНХ