Тангараг өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлын ерөнхий чиглэлийг гаргалаа. 143 сая хүнтэй эл улсын ойрын хэдэн арван жилийн хувь заяаг тодорхойлох ажлуудаа тэрбээр “Замын картууд” хэмээн нэрлэжээ. Амжилтад хүрэхийн тулд юуны түрүүнд ардчиллыг бэхжүүлэх, төр улсаа удирдахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилна гэдгээ В.Путин онцоллоо.
Шинэ Ерөнхийлөгч ажлаа хүлээн авсан даруйдаа Олон улсын олимпийн хорооны тэргүүн Жак Роггетэй уулзаж, Төрийн тэргүүн асан Д.Медведевийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар Төрийн думд санал оруулав. Түүнээс гадна Аугаа эх орны дайнд ялсны 67 жилийн ойн баярыг угтан ахмад дайчид, дайны улмаас тахир дутуу болсон иргэдэд тэтгэмж олгох тухай зарлиг гаргажээ. В.Путиний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон түүний ажлын төлөвлөгөөний талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлэхдээ хэд хэдэн зүйлийг онцолжээ.
Германы “Deutsche Welle”-д В.Путин дахин Төрийн тэргүүн болсноор сөрөг хүчнийхэн хэцүүдэж мэднэ хэмээн бичжээ. Шинэ Ерөнхийлөгчийн амлаж буй улс төрийн өөрчлөлт “мянгуужны үлгэр” болж, эрх баригчдыг эсэргүүцсэн, шүүмжилсэн хүмүүс залхаан цээрлүүлэлтэд өртөж магадгүй гэнэ. Түүнээс гадна Сангийн сайд асан Алексей Кудрин, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тэрбумтан Михаил Прохоров нар зохих “шан”-гаа хүртэх бололтой гэж үзэж байна.
Америкийн “The New York Times” сонинд В.Путиний тангараг өргөх ёслолд түү ний гэргий Людмила Путина хүрэлцэн ирснийг онцлон бичжээ. Хоёр сарын өмнө Ерөнхийл өгчийн сонгуульд санал өгөхөөр ирснийг эс тооцвол Л.Путина сүүлийн жилүүдэд олны өмнө бараг гараагүй аж. Түүнээс гадна В.Путин охидоо ч олны нүднээс “нуудаг”, тэдний хаана сурдаг, юу хийдэг нь тодорхойгүй хэмээн өгүүлээд, Оросын эрх баригч хувийн амьдралаа “сүүдэрт үлдээж байна” гэж тэмдэглэсэн байна.
“The Financial Times”-д гарсан “To Russia with love: How Putin can secure his legacy” нийтлэлд оросууд эдийн засгаа хөгжүүлэхийн тулд чинээлэг, дундаж давхаргыг бий болгох, дэд бүтэц, зам харилцаагаа сайжруулах, дунд үйлдвэр, компаниудыг дэмжих хэрэгтэй хэмээжээ.
Х.ОД