“Аль-Каида”-гийн лидер Осама бин Ладены хоргодож байсан газрыг олж тогтооход пакистан эмч Шакил Африди АНУ-ын тусгай албаныханд тусалсан тухай “The Times” Пакистаны тагнуулын эх сурвалжаас мэдээлэв. Бин Ладены нууцаар амьдарч байсан байшингийн эзэн Абу Ахмед альКувейтийн телефоны дугаарыг дээрх эмч ТТГ-т дамжуулсан аж. Тэрбээр Осамагийн баруун гар гэгдэх аль Кувейтийн утасны дугаарыг олоод зогсохгүй түүнтэй холбогдож дөнгөсөн байна.
Чухам ийм маягаар Америкийн тусгайгийнхан аль-Кувейтийн дуу хоолойг бичиж авч, улмаар бин Ладен туслахынхаа гэрт орогнож буйг эцэслэн тогтоосон юм байна. Үүний өмнө Шакил Африди террористын нуугдаж байсан Пакистаны Абботтабадад вакцинжуулалтын зохиомол кампани өрнүүлэхэд америкчуудад тусалсан нь тодорхой болсон юм.
Оршин суугчдын эсийн ДНХ-ийн загварыг цусны шинжилгээгээр гарган, бин Ладеныг олох ТТГ-ын найдлага тэгэхэд бүтэлтэй болоогүй. Шакил Афридийн одоо байгаа газрын талаар мэдээлэл алга. Харин бин Ладены эсрэг ажиллагааг америкчууд түүний тусламжтай явуулснаас хойш Пакистаны тусгай албадын мэдэлд орсон гэдэг нь мэдэгдэж буй. Эмчийг суллуулах талаар Исламабадтай эхлээд хэлэлцэх гэж оролдсон Вашингтон өдгөө энэ талаар ер дуугарахыг больсон аж.
Х.ЭНХ