Ливийн Ерөнхий сайд, Нефть олборлох үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан, тус улсын удирдагч агсан Муаммар Каддафийн ойрын хамтран зүтгэгчийн нэг 69 настай Шукри Ганемийн цогцсыг Австрийн Вена хотоос олсон байна. Талийгаачийн төрөл төрөгсөд нь түүнийг гэртээ өөд болсон гэж эхлээд хэлж байжээ. Гэтэл нэгэн цагт Ливийн нөлөө бүхий удирдагчдын тоонд орж байсан хүний цогцсыг Дунай мөрний нэг гүүрийн дороос олсон гэж цагдаагийн байгууллага нотолсон байна.Түүгээр явж байсан энгийн иргэн анх олж харжээ.
Шукри Ганем энэ сарын 29-ний өглөө эрт өдөр тутмын ердийн хувцастай гэрээсээ гарсан болохыг BBC мэдээлжээ. Түүний ажилладаг компанийнх нь нэр бүхий цаасыг эс тооцвол биед нь ямар нэг баримт бичиг байсангүй. Биед нь бас хүч хэрэглэснийг илтгэх ямар ч ул мөр байгаагүйг цагдаагийн байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Цогцос усанд тэгтлээ удаагүй гэхээр байж. “Магадгүй бие нь гэнэт муудсанаас ус руу ойчсон байж болох юм” гэж уг төлөөлөгч хэлсэн байна. Цогцсыг задлан шинжилсний дараа үхлийн шалтгаан тодорхой болж таарна.
Гэр бүлийнхний нь үзэж буйгаар бол түүний зүрх хаагдсан байж болзошгүй аж. Ганем 2003-2006 онд Ливийн Ерөнхий сайд, дараа нь 2011 он хүртэл Нефть олборлох үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр Засгийн газрын эсрэг олон түмний бослого тэмцэл ид байсан 2011 оны тавдугаар сард Ливийн удирдагчдаас холбоогоо таслан, улсаасаа гарч явжээ. Ливид цус урсгаж байгааг шүүмжилж, тэндхийн байдал тэсвэрлэхийн аргагүй болсон гэж тэр үедээ мэдэгдсэн байна.
Ганем сүүлийн үед Венад аж төрж, нэгэн компанид зөвлөхөөр ажиллаж байв. Сүүлийн хэдэн сар ажилласан албан газар нь хотын төвд байдаг байжээ.
Р.ЖАРГАЛАНТ