“Өнөөдөр би Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж гурван цаг гаруй ярилцлаа. Тэгэхдээ дэлхийн Нобелийн шагналтнуудын дээд хэмжээний уулзалтыг Сирид зохион байгуулж, тус орны байдлыг тогтворжуулах асуудлыг ярилцахыг санал болгов” гэж Олон улсын шатрын холбоо (ОУШХ)-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ сарын 29-нд сэтгүүлчтэй уулзахдаа ярьсан байна.
“Түүнчлэн сургуулиудад шатрын хичээл оруулах, Арабын орнуудын хүүхдүүдийн шатрын олон улсын тэмцээн зохион байгуулах тухай хэлэлцээрт ОУШХ, Сирийн удирдлага ойрын үед гарын үсэг зурна” гэж тэр бас хэлжээ. “Бид Сирийн байдлыг хөндөхгүй байж чадаагүй нь мэдээж. Асадын хэлснээс үзвэл Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байгаа юм билээ. Гэтэл хөрш орнуудаасаа их хэмжээний зэвсэг авч байгаа сөрөг хүчин нь байдлыг тогтворгүй болгоод байгаа юм байна” хэмээн Илюмжинов тэмдэглэжээ.
Түүнийг байхад өнгөрсөн бямба гаригт Дамаск хотод хоёр ч удаа дэлбэрэлт болсон байна. Илюмжинов өнгөрсөн оны зун Муаммар Каддафитай уулзсанаар барахгүй Ливийг НАТО-гийн нисэх хүчин бөмбөгдөж байхад тэд шатар тоглож байсан билээ. ОУШХ-ны ерөнхийлөгч Ливид зургаа, долоодугаар сард хоёр ч удаа очиж, дараа нь Каддафитай утсаар холбогддог байсан юм.