Оросын ДЯЯ-ны ажилтан байгаад Хууль зүйн яаманд шилжих гэж байсан Эдуард Сандрукян гэгчийг 900 мянган доллар хахуульд авсан хэрэгт сэжиглэн баривчлав. Зарим эх сурвалжийн өгүүлснээр бол түүний авсан хахуулийн нийт хэмжээ зургаан сая доллар хүрсэн гэнэ. Хэвлэлд мэдээлснээс үзвэл Сандрукян “авдар” гэсэн хочиндоо тохирсон хөрөнгөлөг нэгэн аж. 2010 онд “The Moscow Post” сонинд “ОХУын ДЯЯ-ны замын цагдаагийн байгууллагыг дамын наймаа, хээл хахууль сөнөөж байна” гэсэн гарчигтай томоохон өгүүлэл нийтлэгдсэн юм. Түүнийг бичигч нь Буриадын ДЯЯ-ны сайд асан Виктор Сюсюра болон бусад эх сурвалжийг нэрлэж байгаад санаанд багтамгүй юмны тухай уншигчдад сонордуулжээ. Дамын наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэн 2009 онд баривчлагдсан Сюсюра “ОХУ-ын ДЯЯ-ны тээврийн салбарт дэг журам тогтоох байгууллага” гэсэн нэртэй гэмт хэргийн бүлэглэлд багтдаг байжээ. Тэрбээр Азов-Хар тэнгис орчмын тээврийн салбарыг тэргүүлж байхдаа энэ бүлгийн гишүүн болсон байна.
Саяын өгүүлсэн “Дэг журам сахиулах байгууллага” 2001-2002 онд илт дээрмийн үйл ажиллагаа эрхэлж байв. Тэгэхэд энэ байгууллагыг генерал Вячеслав Захаренко удирдаж байлаа. Мөнөөх “The Moscow Post” сонинд бичсэнээр цагдаа нар Оросын өмнөд нутгийн гэмт бүлэглэлүүд болон хилийн чанадад байгаа бага ястнуудын төлөөлөлтэй тухайлбал, арменуудтай маш нягт гар нийлж ажилладаг байсан аж. Дархлагдсан гэмт хэрэгтэн хэмээн цууд гарсан Аслан Усоян (хоч нь “Хасан өвөө”)- той холбоотой байжээ. “Дэг журам сахиулах байгууллага”-д байсан шударга хүмүүсийг хоёр жилийн дотор “үгүй хийсэн” гэдэг. Хэвлэлд бичсэнээр “цагдаа нарын дээрмийн бүлэг” Хятадын өргөн хэрэглээний бараа болон модноос аваад мансууруулах бодис, “амьд бараа” хүртэл маш олон төрлийн зүйлийг дамладаг байв. Тэд ер нь ямар ч бараа зарж мөнгө олохоос цэрвэдэггүй байсан байна.
Нэг баримт өгүүлье. 2003-2006 онд зохион байгуулалттай гэмт хэргийн энэ бүлэг Москвагийн нисэх онгоцны буудлуудад байдаг татваргүй бараа худалдах үйлчилгээ (дьюти-фри гэдэг дээ), ачаа ачих, буулгах цогцолбор, онгоцоор зорчигчдын хүнсийг бэлтгэдэг цехүүдийг ч хяналтандаа авч байжээ. Эдгээр үйлчилгээний газрыг урьд нь удирдаж байсан хүмүүсээс нэлээд олон нь энэ хугацаанд үхэж, сураг чимээгүй алга болсон байна. Тэдний мөнгө олдог өөр аргуудыг ч өгүүлэлд дурдсан байв. Цагдаагийн дээрэмчид тухайлбал, Евросетийн эзэн байсан Евгений Чичваркинийг хууль бусаар хил давж зугтахад нь тусласан аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 2010 оны наймдугаар сард нөгөө “Журам сахиулах байгууллагыг” өөрчлөн зохион байгуулж, оронд нь ОХУ-ын ДЯЯ-ны тээврийн удирдах ерөнхий газар гээчийг байгуулж байж асуудлыг цэгцэлжээ. Генерал Захаренков, Алексей Близнюков нарыг халав. Тэд гадагшаа явжээ. Сюсюра мэтийн жижиг “гаруудыг” нь эрүүгийн хэрэгт татлаа.
“The Moscow Post” сонинд уг нь айхтар баримттай, хэн ч итгэмээр бичсэн ч 2011 оны гуравдугаар сард “Комсомольская правда” сонинд сүрхий няцаалт гараад ирэх нь тэр. “Энэ бол хэн нэгний өдөөн хатгалга. Миний үйлчлүүлэгч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Сэтгүүлчидтэй ер уулзаагүй гэж тэрбээр надад хэлсэн” хэмээн Сюсюрагийн өмгөөлөгч ам нээв. “Энэ нийтлэл бол сүүлийн нэг жилийн хугацаанд тээврийн цагдаагийн байгууллагын эсрэг өрнүүлсэн зохион байгуулалттай кампанит ажлын хүрээнд хийсэн зүйл” гэж нөгөө “Дэг журам сахиулах байгууллага”-ын орлогч дарга байсан Валентин Михайловский мэдэгдлээ. “The Moscow Post” сонины таамагласнаар энэ хүн зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцохоос татгалзсан учир ажлаасаа халагдсан аж. Тээврийн цагдаагийн байгууллагын ажлыг харлуулах нь ашигтай байснаас дамын панзчид л уг өгүүллийг захиалж бичүүлсэн гэж тэрбээр нэмж хэллээ. Тэгэхдээ өгүүлэлд зарим зүйлийг үнэн зөв бичсэнийг Михаиловский үгүйсгэсэнгүй.
Тээврийн цагдаагийн байгууллага, “The Moscow Post” сонин хоёрын аль нь чухам дамын наймаачдын эрх ашгийг хамгаалаад байгааг одоо мэдэх боломжгүй аж. Тэгээд ч энэ бүхэн 2011 онд гойд чухал зүйл байхаа больсон юм. Учир юун гэвэл Эрүүгийн хуулийн “бараа дамлах” гэсэн заалтыг гэмт хэрэг биш, захиргааны зөрчил гэж үзэх болжээ. Шуугиан тарьсан олон хэрэг хуулийн энэ өөрчлөлтөөс шалтгаалж хаагдсан аж. 2012 оны гуравдугаар сард Сюсюрагийн хэргийг хаав. Буриадын ДЯЯ-ны тэргүүн байсан энэ эр суллагдаад түүнийг нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн мөрдөн байцаагч, сэтгүүлчдийг шүүхээр шийтгүүлэхийг санаархав. Шүүх нэхэмжлэлийг нь хүлээж авсангүй.
“The Moscow Post” сонинд “цагдаагийн бүлэглэлийн” гишүүн хэмээн дурдагдсан, ерөөс ихэд нэрд гарсан этгээд болох хурандаа Эдуард Сандрукяныг 2012 оны дөрөвдүгээр сарын 22-нд баривчиллаа. Тэрбээр саяхан болтол ДЯЯ-ны Холбооны төвийн тойргийн Тээврийг удирдах газрын мөрдөн байцаах албыг удирдаж, ойрын үед Хууль зүйн яамны Зохион байгуулалт, хяналтын газрын даргын албанд томилогдох гэж байв. “Коммерсантъ” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлсэнээр бол Сандрукян мэргэжлийн шалгалт өгсөн ч шинэ албаа хүлээж аваагүй, нөөцөнд бүртгүүлээд байжээ. Тиймээс хурандаа ДЯЯ-наас гарч Хууль зүйн яаманд очихоор шийдсэн байж. Гэтэл “Сандрукян шалгалт өгөөгүй бөгөөд дотоодыг хмагаалах байгууллагаас халагдсан байсан” гэсэн мэдээлэл бас олны сонорт хүрэв. “Шалгалт авахаас татгалзсан нь авлигын хэрэгт сэжиглэгдэж байснаас нь үүдэлтэй” хэмээн “Известия” сонин ч гал дээр тос хийлээ.
Хэвлэлд мэдээлснээр бол нөхөд нь Сандрукяныг “авдар”, “химич” хэмээн хочилдог байжээ. Ихээхэн хөрөнгөтэй учраас “авдар” гэж. “Дэг журам сахиулах байгууллагад” ажиллаж байхдаа гаалийнхны нүдийг тун овсгоотой хуурдаг байснаас “химич” хоч хүртсэн аж. Тэрбээр үнэхээр эрдэнийн чулууг шил, цагаан алтыг тугалга, мансууруулах бодисыг угаалгын нунтаг хэмээн гаалийнханд хялбархан итгүүлчихдэг байсан байна. Түүнээс гадна Сандрукяны өөр нэг онцгой чанар нь Арменаас зориуд дэргэдээ авчирсан таван зурхайчтай, алхах гишгэхээ хүртэл тэдэнтэй зөвлөдөг байв. Сандрукян одоо өөрөө үзүүлж үнэндээ үл чадах тусламж (луйвар) үзүүлсэний төлөө хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байна. “Коммерсантъ” сонинд мэдээлснээр бол Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд эхлээд Сандрукяны орлогчийг баривчилжээ. Тэрбээр яг 900000 доллар авч байхдаа “гардуулсан” байна. Мясищев энэ мөнгийг даргадаа дамжуулж өгөх гэж байсан хэмээн мөрдөн байцаагчид үзээд түүнийг өөрсөдтэйгээ хамтарч ажиллахыг ятгажээ.
Дөрөвдүгээр сарын 22-нд Мясищев “Крокус Сити Молл” гэдэг худалдааны төвд Сандрукянтай уулзав. Харин тэд хоорондоо мөнгө дамжуулсангүй. Гэлээ ч Сандрукяныг баривчилжээ. Мясищев хилийн дээс алхахгүй байх амлалт өгөөд суллагдав. Одоо түүний байгаа газрыг машид нууцалж байна. Түүнийг хөлсний алуурчдын гарт амиа алдсан гэх мэдээлэл бас бий. Сандрукяныг баривчилсан тухайд хоё өдөр чимээгүй байснаа эрүүгийн хэргийнх нь талаар 24-нд олон түмний сонорт хүргэв. Сандрукяны хүү, 24 настай Сергей нь Москвагийн прокурорын байгууллагад ажилладаг аж. Тэр нь эцгээ суллуулах оролдлогыг мэдээж хийжээ. “Засгийн газрынх болохыг нь илтгэх АМР гэсэн үсэгтэй, улсын дугаартай хэд хэдэн машин хөлөглөж энэ хүү найз нөхдийнхөө хамт эцгийг нь баривчлах ажиллагаа ид идэвхтэй шатандаа ороод байсан газарт давхиж иржээ” хэмээн бас л нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж сэтгүүлчдэд ярьсан байна.
Гэтэл мөрдөн байцаагчид хийгээд Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд Сергейн биеийн байцаалтыг нь хурааж аваад нүдэн дээр нь ураад хаячихсан аж. Life News сонинд мэдээлснээс үзвэл Сергейг маргааш нь л ажлаас нь халж орхижээ. Харин энэ мэдээллийг өөр ямар ч эх сурвалж баталгаажуулсангүй. Эцэг Сандрукян өөрийгөө буруутай гэдгийг эрс үгүйсгэж, чухам ямар хэрэгт сэжиглэж буйг нь ч ойлгохгүй байгаа гэнэ. Түүний өмгөөлөгч Владимир Сергеев мөрдөн байцаах үйл ажиллагааг өдөөн хатгалга гэж үзэж буй аж.
Р.ЖАРГАЛАНТ