Афганистаны залуу дипломатчдад Монголын Гадаад харилцааны яамны ажилтнууд “Афганистаны гадаад харилцааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан. Уг сургалтад оролцсон Афганистаны Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Жавад Рахатай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Сайн явж ирсэн үү. Та өмнө нь манай улсад ирж байв уу?
-Сайн явж ирлээ. Танай оронд анх удаа ирж байна. Биднийг ирснээс хойш цас орж, их хүйтэрсэн. Яг л манай орны өвөл шиг. Манай улсын Баямма мужид 30 хэм хүйтэрдэг. Өнгөрсөн жил Кабулд 19 хэм хүйтэн болсон нь хамгийн хүйтэнд тооцогдсон.
-Танай улсын хазара үндэстнийг монгол гаралтай гэдэг. Энэ хүмүүсийн аж амьдралын талаар ярьж өгөхгүй юу. Бидэнд ирсэн мэдээгээр хамгийн ядуу тарчиг амьдралтай гэж дуулсан юм байна?
-Би хазара үндэстэн.
-Тийм үү. Таны төрх афганистанчуудаас арай өөр юм аа?
-Бор царайтай, сахал ихтэй хүмүүсийг олон улсын мэдээллийн агентлагууд гаргах нь их. Тиймээс афганистанчуудыг тийм л төрхөөр төсөөлдөг байх. Манай улсад олон үндэстэн ястан бий. Би өвөг дээдсээ сайн мэдэхгүй л дээ. Олон улсын судлаачид хазарачуудыг судлаад монгол гаралтай гэдгийг нь тогтоогоогүй гэсэн. Гэхдээ миний цус ямар нэгэн хольцтой гэдэгт би эргэлздэггүй. Хазарачууд 200 гаруй жил дарангуйлалд байсан. Дайны хүнд жилүүд тэдэнд нөлөөлсөн учраас тарчиг ядуу амьдардаг нь үнэн.
-Хазарачуудад монголтой адил төстэй зүйл байдаг уу?
-Биеийн ерөнхий төрх, толгойны хэлбэр нь их төстэй санагддаг. Монголчууд шагайгаар нааддаг юм билээ. Бид ч мөн адил шагай нясалж, морь уралдуулж тоглодог. Түүнээс гадна мах их хэрэглэдэг. Хазарачуудад сурч боловсрох эрх хаалттай байсан бол одоо өөрчлөгдсөн.
-Танай улс дэлхийд хар тамхи, намуу цэцэг хууль бусаар тариалж, экспортолдог орнуудыг тэргүүлж байна. Дэлхийн зах зээлийн 80 хувийг хангадаг гэдэг юм билээ?
-Манай улсад хар тамхины түүхий эд, намуу цэцгийг зөвхөн афганистанчууд тарьдаггүй. Хөрш зэргэлдээ, тодруулбал Пакистаны хөрөнгөтэй хүмүүс манай ядуу иргэдийг гар хөлөө болгон ашиглаж тариулдаг. Тэд амьдрахын эрхэнд тийм ажил хийдэг.
-Албан ёсоор зөвшөөрсөн тариалангийн талбай гэж байдаг уу?
-Хуулиар огт зөвшөөр дөггүй ч тариалалтыг бүрэн зогсоож чадахгүй л байна.
-Хар тамхи тариалсан, зөөвөрлөсөн, хууль бусаар экспортолсон хүмүүст ямар ял оноодог вэ?
-Манай улс 2009 онд хар тамхины эсрэг хуультай болсон. Бид тариалж буй иргэдэд хариуцлага тооцохоос илүү зөөвөрлөсөн, хууль бусаар экспортолсон, хадгалсан хүмүүст хариуцлага хүлээлгэдэг. Ийм гэмт хэрэг үйлд сэн хүний бүх хөрөнгийг хурааж, хорих ял оноодог юм. Бид хар тамхины түүхий эд, намуу цэцэг тариалахыг хүчээр таслан зогсоож, кампанит арга хэмжээ авч болох л байх. Гэхдээ цаана нь өлсөж үхэхгүйн тулд тариалж буй олон иргэний амьдрал байдаг болохоор болгоомжтой хандахаас өөр арга байдаггүй.
-Хил гаалиар гаргахгүй байвал тариалалт багасах бус уу. Танай хил гаалийн хяналт тааруу бололтой?
-Хуулиар хориглосон ч хил гааль, цэр гийн хүч, харуул хамгаалалт тааруу байдлыг ашиглан хууль бусаар хил давуулсаар байгаа юм.
-Хар тамхины тариалангийн талбайд хүүхдүүд ажиллаж байгаа эмгэнэлтэй дүр төрх харагддаг. Хүүхэд, эмэгтэйчүүд тэнд ажилласнаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө шүү дээ?
-Мэдээж, сөрөг нөлөө асар их. Хүүхдүүд сониуч зандаа хөтлөгдөн хэрэг лэж үзсэнээр донтох, улмаар эргэн тойронд байгаа найзууддаа татуулах магадлал маш өндөр. Гэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд олноороо ажилладаггүй. Захын суурин газарт, ядуу амьд ралтай хүмүүс ийм ажил хийдэг.
-Танай улсад хар тамхи хэрэглэгч хэд байдаг вэ?
-Тодорхой тоо, судалгааг хэлж чадахгүй нь. Гэхдээ хэрэглэгч цөөнгүй бий.
-Хар тамхи, мансууруулах бодис тариалахыг багасгах, таслан зогсоох талаар ямар ажил зохион байгуулдаг вэ. Хэр үр дүнтэй байдаг вэ?
-Манай улс 34 мужтай. Дээр үед бүх мужид хар тамхины түүхий эд болох ургамал, намуу цэцэг тарьдаг байсан. Манай улс Хар тамхитай тэмцэх яам байгуулж, хуультай болж, мөн цагдаагийн газартаа тусгай хэлтэс байгуулснаар 17 мужид тариалахыг бүрэн зогсоосон.
-Монгол Улсад зохион байгуулж байгаа сургалтаас их зүйл сурч байна уу?
-Олон улсын тусламжаар манай улсын гадаад харилцааны ажилтнууд энэ мэт сургалтад хамрагддаг. Танай орны зохион байгуулж байгаа сургалтаар туршлагатай хүмүүсээс чухал мэдээлэл авлаа. Түүнээс гадна төрийн дээд албан тушаалтнууд лекц уншсанд бид талархаж байна.
-Та бүхнийг Монголд ирсний дараахан танай улсад бөмбөгдөлт болсон. Учирсан хохирол болон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан уу?
-Пакистаны газар нутгийг ашиглаж, террорист үйл ажиллагаагаа бэлт гээд манай нутаг руу халддаг. Алан хядагч, террорист бүлэглэлийн “загалмайлсан” эцэг Осама бин Ладен олон жил Пакистанд нуугдаж байгаад өнгөрсөн жил амиа алдлаа. Түүний толгойлж байсан алан хядах бүлэглэл Пакистанд одоо ч байсаар байна. Тэд үе үе бөмбөг дэлбэлж, гэмгүй олон хүний амь насыг хөнөөдөгт харамсаж явдаг. Манай улс хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагаатай байдаг. Харин Пакистантай зөрчилтэй байдаг нь нууц биш. Тус улсын төрийн эрх мэдэлтнүүд нутаг дэвсгэртээ алан хядагчдыг орог нуулж, бэлтгэл хийх бололцоог ол госоор байгаа учир таатай харилцаа тогтоож чаддаггүй.
-АНУ-ын цэрэг танай нутгаас гарч байгаа. Үүнээс улбаалж энхийг дэмжих ажил цалгардана гэж суд лаачид үздэг юм билээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-АНУ-ын цэрэг манай улсад байрлаж энхийг дэмжих ажилд тууштай оролцоосой гэж би боддог. Гэсэн ч бидний хүслийг үл харгалзан 2014 он гэхэд цэргээ бүрэн татах бололтой. Уг нь манай улсын зэвсэгт хүчин дотоодын аюулгүй байдлаа хангадаг болбол сайхан байх болно. Харамсалтай нь тийм нөхцөл бүрдэх болоогүй байна.
-Өөртэй чинь уулзсаных танай улсын талаар цөөн асуултад хариулт авмаар байна. Афганистаны төрийн албан хаагчийн дундаж цалин хэд вэ. Танай бүсгүйчүүдийн урласан хивс чанараараа гайхагддаг гэж сонссон?
-Би таны асуултад аль болох хариулахыг хичээе. Төрийн албан хаагчийн дундаж цалин 300-400 ам. доллар. Афган бүсгүйчүүдийн гараар нэхсэн хивс дэлхийд гайхагддаг. Чанар, өнгөний хослол, дахин давтагдашгүй нь бусдаас ялгарч, дэлхийн гар урлалын үзэсгэлэнгээс шилдэг бүтээгдэхүүний шагналууд хүртэж байсан. Түүнээс гадна хатаасан жимсээ БНХАУ, ОХУ-д экспортолдог.
-Танай улсын хүн ам 30 саяд дөхөж байгаа гэсэн. Хүн амын хэдэн хувь нь гар утас, интернэт ашигладаг вэ?
-Бараг хүн бүр гар утас хэрэглэдэг гэхэд болно. Харин интернэтийг нэг сая орчим хүн ашигладаг. Одоогоос гурван жилийн өмнө зөвхөн төрийн байгууллага л интернэт хэрэглэдэг байсан бол сүүлийн үед айл өрх гэртээ ашиглах боломжтой болсон.
-Дайн тулаан, бөмбөгдөлт байнга болдог болохоор бүтээн байгуулалтын ажил удаашралтай байдаг байх?
-Тиймээ, дайны хөлд олон зуун иргэн амиа алдаж, бүтээн байгуулалтын талаар бодох ч сөхөөгүй байгааг дэлхий нийт харж буй байх. Гэхдээ өдөр бүр бөмбөгдөлт болоод байдаггүй. Манай улсад алан хядах ажиллагаа, бөмбөгдөлт болсныг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулдаг болохоор өдөр бүр тийм байдалтай байдаг мэтээр төсөөлдөг байх. Манай улсад 14 давхар нэг л барилга бий. Энэ нь Цахилгаан холбооны яамны байр. Ихэнхдээ афганистанчууд уламжлалт шавар байшиндаа амьдардаг. Чинээлэг амьдралтай хүмүүс 2-3 давхар байшин барих нь бий. Биднийг ирснийг дуулаад ярилцах боломж олгосонд баярлалаа. Танай дипломатчдын зааж сургасан зүйлийг ажилдаа хэрэг болгон ашиглана.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Х.ОЮУНСҮРЭН