Америкийн эрх баригчид цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх талаар Иранд тодорхой буулт хийсэн санал дэвшүүлэхээр төлөвлөж буйг "Лос-Анжелес таймс" мэдээлэв. Тус сонинд Б.Обамагийн засаг захиргааны төлөөлөгчөөс иш татсанаар, ураныг тав хүртэл хувиар баяжуулахыг Иранд зөвшөөрч, хариуд нь цөмийн байгууламждаа олон улсын шалгагчдыг оруулах шаардлага тавих гэнэ.
Шалгагчид энд байнгын, хязгаарлагдмал бус хяналт тавих аж. Истамбулд дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх ээлжит хэлэлцээг гацаанд оруулахгүйн тулд АНУ зөвшилцлийн ийм хувилбар дэвшүүлэх боломжийг авч үзэж байгаа юм байна. Ураны баяжуулалтаас Тегеран хэзээ ч бүрмөсөн татгалзахгүй гэж Америкийн дипломатчид үзэж байгаа агаад ийн гэдийсэн чигээрээ байвал цэргийн сөргөлдөөн үүсэхийг ч үгүйсгэхгүй байгаа аж.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны саналыг Конгресст ч, Израилийн удирдлага ч таашаахгүйг эх сурвалжууд тэмдэглэж байна. Ираны эрдэмтэд өдгөө ураныг 20 хүртэл хувиар баяжуулах чадвартай байгаа. Атомын бөмбөг бүтээхэд 90 хүртэл хувиар баяжуулсан уран шаардлагатай.