МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлах үеэр буюу энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Мянганы сорилтын сангийн байрны орчимд эмх замбараагүй байдал үүсгэн, үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг хэл амаараа доромжлон, биед нь халдсан иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Тэр өдөр эмх замбараагүй байдалд оролцсон МАХН-ын дэргэдэх Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Шагжаа, Н.Насанжаргал нарын гурван хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Харин Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Баянсэлэнгийг өнгөрсөн баасан гарагт Сүх аатар дүүргийн шүүхээс 14 хоног албадан саатуулахаар болсон юм. Түүнтэй хамт МАХН-ын дэргэдэх Оюутны холбооны дарга Д.Мөнхбаяр, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Б.Энхбат нар Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль зөрчиж, Сүхбаатарын талбайд тус дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр цуглаан зохион байгуулсан үндэслэлээр 20-30 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан аж.