Манай улс зэрлэг амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Wild¬North” хэмээх олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэв. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт тохиосон Олон улсын шувуулахуйн өдрөөр Канадын Альберта мужид байрладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар удирдлагуудтай нь санал солилцжээ. “WildNorth” нь зэрлэг амьтан хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг томоохон төв бөгөөд жилд дунджаар 3000, байгуулагдсан цагаасаа хойш 40 000 гаруй “үйлчлүүлэгч”-д тусламж үзүүлээд буй аж.
Үүний 80 орчим хувь нь шувуу гэнэ. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас гэмтсэн, цонх мөргөсөн, тэжээвэр амьтдын, ялангуяа муурын дайралтад өртсөн, янз бүрийн зүйлд хордсон жигүүртнүүдэд голдуу тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн шувуудыг байгальд буцаан тавихад бэлтгэх, нөхөн сэргээх төвд нисэх зориулалттай торон байгууламж, жижиг усан сан ажиллуулдгаараа онцлог. Нийслэлийн Байгаль орчны газрын харьяанд байдаг амьтан асрах төвийн үйл ажиллагааг энэ жишгээр хөгжүүлж, өргөжүүлэх боломжтойг дээрх албан тушаалтан хэллээ. Мөн Өмнөговь аймаг зэрлэг амьтан хамгааллын жишиг төв байгуулах ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж буйг тэрбээр дурдсан юм.