Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд буюу орон нутгийн ээлжит Сонгуулийн өмнө сүр дуулиантай нээсэн. Гэвч нээснээс нь хойш дөнгөж нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байхад осол гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаагаа хойшлуулахад хүрснийг тус станцынхан мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн ням гаргийн 05.00 цагийн орчим нүүрс татах туу зан дамжуулга байгууламжийнх нь С6 хэсэгт гал гарсан аж. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж буй гэнэ. “600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж ийн 150 МВт-ын зуухны галлагааг аравдугаар сарын 5-нд эхлүүлсэн.
Үүнээс хойш цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах технологийн туршилт, зүгшрүүлэлтийг хийж гүйцэтгээд байна. Харамсалтай нь, ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Станцыг богино хугацаанд хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч “Синостийл” компанийн инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна” гэсэн мэдэгдлийг дээрх станцаас гаргажээ. Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, Улаанбаатар хотоос 120 км зайд буюу Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт тус станцыг барьсан.
Уг ажилд нийслэлийн бондын 300 тэрбум Төгрөгийг зарцуулсан юм. Улаанбаатар хот анх уд аа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжсанаас талаас илүү хувийг нь дээрх станцад зориулсан гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нээлтийн үеэр “Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээн “попорч” байв. Гэвч бодит байдалд станцын эхний ээлжийг ч ашиглалтад оруулж чадалгүйгээр 2025 онтой золгох бололтой.
М.ОЧ