АШУҮИС-ийн төв эмнэлэгт сул хараатай иргэдэд зориулсан төвийг өчигдөр нээв. Австралийн Засгийн газрын “Бичил тусламж” хөтөлбөрийн хүрээнд тус төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. ДЭМБ-ын мэдээлснээр рефракцын гажиг (шилээр засах боломжтой)-ийг оролцуулбал дэлхий нийтэд харааны бэрхшээлтэй 2.2 тэрбум гаруй хүн амьдарч байна. Тэдний нэг тэрбум орчмынх нь харааны бэрхшээлийг урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой гэж үздэг аж. 2020 оны байдлаар дэлхий дахинд хөнгөн болон дунд зэргийн сул хараатай 553 сая, хүнд зэргийн сул хараатай 43 сая хүн амьдарч байна. Рефракцын гажиг, болор цайх, глауком, чихрийн шижингийн ретинопати, насжилтаас шалтгаалсан шар толбоны сөнөрөл зэрэг нь сохрох, сул харааны тэргүүлэх шалтгаан болдог юм байна. Сул хараатай хүмүүсийн 90 орчим хувь нь хөгжил буурай оронд амьдарч буй аж.
Манай улсын хувьд 2013 онд хийсэн зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 50-иас дээш насны хүн амын дунд сохрол 2.2, сул хараа 13 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Эл судалгааг 10 жилд нэг удаа хийдэг аж. Дараагийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор П.Баясгалан энэ талаар“Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэж байгаа. Энэ хэрээр жилээс жилд сул хараа, сохролын тоо ихэснэ. Өөрөөр хэлбэл, ахмад настнуудын хараа муудах, сохрох тохиолдол их байдаг. Ийм хүмүүсийг орхилгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх нь чухал юм. Тиймээс энэ төвийн үйл ажиллагааг нээлээ. Эл төв нь сул болон харааны бэрхшээлтэй иргэдэд хараа зүйн цогц тусламж үзүүлэх юм. Тодруулбал, нүдний иж бүрэн үзлэг хийгээд зогсохгүй томруулдаг, гэрэлтүүлдэг шил, өнгө тодруулдаг тусгай хэрэгсэл зэрэг шаардлагатай тусламж үзүүлэх юм. Мөн хараа нь шилээр болон мэс засал хийгээд засрах боломжтой хүмүүс ч хандаж болно. Хараа муудах шинж илэрвэл оношлуулах хэрэгтэй. Мөн төрөлхийн, удамшлын шалтгаантай сул харааны өвчлөл нь хүүхдүүдэд цөөнгүй тохиолддог. Ийм оноштой болон дэлгэцийн хэрэглээнээс болж хараа нь муудсан хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой” гэв. Манай улсад харааны бэрхшээлтэй 11 мянга гаруй хүн амьдарч байгаа ч тэдэнд зориулсан тусгай үйлчилгээний төв хомс. Харин эл төв нь харьяалал харгалзахгүй, харааны бэрхшээлтэй бүх насны хүмүүст үйлчлэх юм байна.