“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он хүртэл 100 сая мод тарьж, Дундговь аймгийн Сайнцагаан сумд мод үржүүлгийн газар байгуулан, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон болон Сибирь хармагийн 30 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа “Си Эй Жи Энд Эс” ХХК Дундговь аймгийн удирдлагууд болон байгаль орчны холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд ажлынхаа үйл явцыг урьдчилсан байдлаар танилцуулжээ.
ТЭЗҮ-д тусгаснаар тус мод үржүүлгийн газар нь 500 ам метр талбай бүхий, бүрэн автомат, өвлийн хоёр, 6x10 харьцаатай нийлэг, хальсан 10, нийт 12 хүлэмжээс бүрдэх гэнэ. Мөн үржүүлгийн зориулалтаар ашиглах 30 сая, эко бортого үйлдвэрлэх цехтэй байхаар төлөвлөжээ. Тус газрын өдөр тутмын үйл ажиллагаанд саарал ус ашиглах бөгөөд усны чанар, үзүүлэлтийг тогтмол хянах лаборатори байгуулах аж. Мод үржүүлгийн газрын барилга нь ажилчдын байр, сургалтын танхим, цайны газар, машин, техник хэрэгслийн гарааш, засвар, үйлчилгээний хэсгээс бүрдэнэ. Эдгээрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулснаар орон нутагт багадаа 100 ажлын байр бий болох тооцоог мэргэжилтнүүд хийжээ.
Н.МИШЭЭЛ