“Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос “Эрдэс баялгийн салбар дахь алдаа завхрал-Халзан бүрэгтэйн асуудал” сэдвээр өчигдөр мэдээлэл өглөө. Хуралд баруун бүсийн аймгуудын иргэдийн төлөөлөл, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, судлаач нар оролцов. Тэд “Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр Халзан бүрэгтэй ордын талаар худал мэдээлэл түгсэн. Үүнтэй холбоотойгоор бодит мэдээлэл өгнө” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд тодотгосон юм.
Иргэдийн төлөөлөл “Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагаанаас улбаалан нийтийн эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс тухайн бүс нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ард иргэд эсэргүүцэн тэмцэл өрнүүлсэн. Нийтийн эрх ашгийг зөрчиж буй тодорхой баримт бий. Ховд, Увс аймгийн зэргэлдээх сумуудын иргэд эсрэг байр суурь илэрхийлж, нийтийн эрх ашиг зөрчиж буй асуудалд тодорхой арга хэмжээ авхуулахаар төрийн байгууллагуудад бичиг хүргүүлсэн. Ховд аймгийн болон бүс нутгийн 10 мянга гаруй иргэний гарын үсгээр баталгаажсан санал, хүсэлтийг илэрхийлж, уламжлахаар бидирсэн.
Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордыг хөндсөнөөс болж цацраг идэвхт туяа их хэмжээгээр дэгдэж, хүрээлэн буй орчинд нөлөөлж эхэлсэн. 2022 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийнхэн цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин их байгааг тогтоосон. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн явуулж ирсэн үйл ажиллагаа хуульд нийцэхгүй” гэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг иргэдтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцахыг Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүссэн юм. Мөн тэрбээр “Иргэд, компани хоёрыг учраа ол гээд түлхмээргүй байна, бид хэзээ ч учраа олохгүй” гэв.
Ч.ЦЭЛМЭГ