Манай улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын ам болон Чойжин ламын сүм музейнхэн хамтран “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Минск хотын “Артхаус” галерейд нээгээд байна. Ирэх мягмар гараг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнг өмнө нь 13 улсад 30 гаруй удаа дэлгэж байв. Харин энэ удаа шилдэг 51 бүтээлийг толилуулж буйгаараа онцлогтой. Түүнчлэн үзмэртэй холбоотой мэдээллийг QR кодын тусламжтайгаар дэлгэрэнгүй авах боломжтой гэнэ.
Чойжин ламын сүм музейд хадгалж буй, XVII-XIX зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, Монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг уг үзэсгэлэнд багтаасан аж. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд эергээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн “Хот мандал-нууц тарнийн сүм” үзэсгэлэн нь Беларусь дахь монгол судлалын эхлэлийг тавьж, Монголын өв соёлыг тус улсын иргэдэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг зохион онцоллоо.
У.ЦЭЦЭГ