“Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-оос ирсэн мэргэжлийн эмч нар Монголын иргэдэд үзлэг оношилгоо хийж байна. Эмч нарын баг арвуулаа гэнэ. Тодруулбал, мэдрэлийн эмч 2, ерөнхий дотрын эмч 2, уламжлал бариа заслын эмч 2, ясны эмч 2, цусны эмч 1, багийн ахлагчтайгаа нийлээд 10-уулаа аж. Эмч нарын багийг эмч Чэнь Сарнай ахалж байгаа аж. Тэд энэ өдрүүдэд ихээхэн ачаалалтай ажиллаж буй бөгөөд өдөрт 200 гаруй хүнд үйлчилж байна.
Багийн гишүүн Б.Мандах эмчтэй товч ярилцлаа.
-Та бүхэн уржигдар Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийсэн. Өчигдөр АШУҮИС-д ажилласан. Манай иргэдийн дунд ямар өвчлөл голлож байна вэ?
-Үзлэгт хамрагдсан иргэдийн олонх нь хөл, нуруу, үе мөчний өвчтэй байсан. Мөн уушгины өвчин зонхилж байна. Насжилтын хувьд уушгины өвчтэй нь залуус голдуу байна.
-Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Нуруу, үе мөчний өвчлөл Монгол орны эрс тэс уур амьсгалтай холбоотой. Уушгины өвчлөл агаарын бохирдолтой холбоотой болов уу.
-Та бүхэн хэдэн нэр төрлийн эм тан найруулж авчирсан бэ?
-Бид сүүлийн 12 жилд 21 удаа Монголд ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард ирсэн юм. Энэ туршлага дээрээ үндэслэн монгол хүнд ямар өвчин зонхилдог, үүнд хамгийн үр нөлөөтэй тан аль вэ гэдгийг мэддэг болсон. Энэ удаа 30 нэр төрлийн тан бэлтгэж ирлээ.