Дүрслэх урлагийн энэ оны шилдэг бүтээлүүдийг уржигдар шалгарууллаа. Шилдгүүдийг хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм. Тухайлбал, эхний шатанд 118 уран бүтээлчийн уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн 149 бүтээлийг өрсөлдүүлжээ. Тэдгээрээс шилдэг 58 бүтээлийг дараагийн шатанд шалгаруулж, “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнд дэлгэсэн юм. Эдгээр бүтээлээс улсын санд худалдан авах шилдэг гурвыг тодруулсан аж. Тухайлбал, зураач Г.Төмөрийн “Ханбаянзүрх хайрхан” уран зураг, уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Орон зай” болон Э.Жанцанхоролын “Хадгалагдсан зовнил” орчин үеийн урлагийн бүтээлийг шилдгээр шалгаруулжээ.
Мөн “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, нэр хүндийг нь дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлийг урамшууллаа. Монголын уран зургийн галерейн нэрэмжит эл шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболорын “Зүүдний хүрд” орчин үеийн урлагийн бүтээлд олгосон байна. Ингэснээр тэрбээр тус галерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодорсон юм. Уг хүрэл цомыг уран бүтээлчийн харааны, гарын, оюуны урыг бэлгэдэж, уран барималч Б.Ганбаатар урласан аж. Ташрамд дурдахад, “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг энэ сарын 8 хүртэл Уран зургийн галерейд олон нийтэд толилуулах юм.
Улсын санд шилдэг бүтээлүүдийн худалдан авахтай холбоотой хэд хэдэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Шилдэг бүтээл шалгаруулах ажлыг Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журамд үндэслэн зохион байгуулдаг. Уг журамд дүрслэх урлагийн монгол, уран, зураасан болон чимэглэх зураг, уран баримал, орчин үеийн урлаг гэсэн төрлийн бүтээлийг улсын санд худалдан авах шилдэг бүтээлээр шалгаруулна гэж тусгажээ.
Түүнчлэн эл журмын 6.3 дахь хэсэгт улсын санд худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг дараах зориулалтаар ашиглана гэж заасан байв. Тухайлбал, “шилдэг бүтээлээр жилдээ хоёроос доошгүй удаа үзэсгэлэн зохион байгуулан, нийтийн хүртээл болгох”, “Монгол Улсыг сурталчлах олон улсын чанартай арга хэмжээнд оролцуулах”, “Зохиогчийн эрхийн тухай хууль, журамд нийцүүлэн шилдэг бүтээлийн цахим эхийг үүсмэл бүтээл болгон ашиглах” зэрэг багтана. Мөн нийгмийн сэтгэл зүйг дэмжих, эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээнд улсын санд худалдан авсан шилдэг бүтээлийг шууд ашиглахаар зохицуулсан аж.
Шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авахад өнгөрсөн жилүүдэд 50 сая төгрөг төсөвлөдөг байжээ. 2023 онд дээрх журмыг шинэчилсэнтэй холбоотойгоор энэ жил улсын төсвөөс хэдэн төгрөг гаргах нь одоогоор тодорхойгүй гэнэ.
А.ҮҮЛ