Их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу Монгол бахархлын өдрийг жил бүр орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Монгол бахархлын өдөр ирэх сарын 2-нд тохиож буй аж. Үүнтэй холбоотойгоор “Бурхан Халдун” тусгай үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр нээх нь. Манай зураачид Бурхан Халдуныг уран бүтээлдээ хэрхэн дүрсэлснийг уг үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулахыг зорьжээ.
Үзэсгэлэн ирэх сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд үзэгчдээс хамгийн олон санал авсан нэг уран бүтээлчийг тодруулж, Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэнгээ гаргах эрхээр урамшуулах гэнэ. Мөн Дэлхийн өв Бурхан Халдун уул, түүнийг тойрсон тахилгат газрын хамгаалалтын захиргаа, Дүрслэх урлагийн музейнхэн хамтран 10 уран бүтээлчийг сонгон, ирэх оны гуравдугаар улиралд Бурхан Халдунд аялуулж, уран бүтээл туурвих боломжоор хангахаар төлөвлөжээ.