16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ. Тус наадам нь нээлтийн үзвэр, монгол кино, олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн хязгаар” Монголын сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэх аж.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн үзвэрээр найруулагч Б.Баатарын “Гажуудал” уран сайхны киног сонгожээ. “Гажуудал” нь уг наадмын хүрээнд Монгол дахь албан ёсны нээлтээ хийж буй нь энэ. Эл кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсэг нь Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, орчин үеийн үзэгчдэд дахин өргөн дэлгэцээр үзэх боломж олгодгоороо онцлогтой. Иймд өнөө жил Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын “Тань руу нүүж явна” болон “Сүүдэр” уран сайхны киног онцолжээ. Үзвэрийн үеэр эдгээр киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, кино бүтсэн түүхээсээ хуваалцах юм байна.
Түүнчлэн “Улаанбаатар” кино наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Балба, БНХАУ, Энэтхэг, Швед, Палестин, Норвег, Ирланд зэрэг улсын уран бүтээлчдийн шилдэг 14 уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар бэлтгэжээ. Тухайлбал, 2024 оны Каннын наадмын “Grand prix” шагналт “Төсөөллийн гэгээ”, “Special prize”-ийн “эзэн” “Ариун инжир модны үр”, “Youth award” шагналт “Тосоор гоож”, Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналт “Сэр сэр салхи” гэх мэт бүтээлийг олны хүртээл болгох аж. Мөн монгол кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Сандэнс кино наадам болон зохион байгуулагчидтай хамтарсан хөтөлбөр, “Авдраа уудал: Баримтат уран сайхны кино бүтээх нь” цуврал сургалт зохион байгуулна. Наадмын үзвэрүүдийг “Тэнгис”, “Өргөө III”, “Синема нэкст” зэрэг кино театраар гаргах юм байна.
Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Мөн дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.
У.СҮРЭН