Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, уран бүтээлүүдээрээ хэдийн танил болсон “New star” студийнхэн 20 жилийн ойн тоглолтоо энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болгоно. “New star” студийнхнийг орчин цагийн хөгжмийг мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмэр оруулсан хэмээн салбарынхан нь тодорхойлдог. Тэд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, сэтгэлд хоногшсон олон дууны ая, хөгжмийн найруулгыг хийсээр иржээ. 20 жилийн түүхт эл байгууллагынхан энэ удаа “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Илчилж амжаагүй хайр” зэрэг хит дууг сонгож, рок попын одод чуулсан томоохон тоглолт хийхээр төлөвлөжээ. Уг тоглолт 100 хувь амьд хөгжимтэй үргэлжлэх бөгөөд “Sorrow”, “My love” зэрэг хит дууг шинэчилсэн найруулгатайгаар залуу уран бүтээлчид олны хүртээл болгох юм байна. “UG аrena” спорт цогцолборт болох уг тоглолтод 20 хамтлаг, дуучин оролцох аж. Тодруулбал, урилгаар дуучин Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, С.Наран, Л.Ган-Эрдэнэ, А.Хаянхярваа, реппер Tsetse, ThunderZ нар оролцоно. Түүнчлэн “Соёл эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Айзам”, “Титэм”, “Шар айраг”, “Ice top”, “Digital”, “Freezone”, “Lemons”, “Гурван охин”, “Vandebo” зэрэг хамтлагийнхан оролцох юм байна.
У.СҮРЭН