Жил бүрийн аравдугаар сарын 10-нд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиодог уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Норпей арт” галерейн хамт олон “Нугарсан ч хугарахгүй” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгожээ. Энэхүү үзэсгэлэн нь олон нийтэд мэдээлэл түгээх, нийгэмд тогтсон сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хэвшмэл сөрөг ойлголтыг халахад чиглэжээ. Түүнчлэн урлагаар дамжуулан өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх орон зайг иргэдэд олгох зорилготой гэнэ.
Гэрэл зурагчин Х.Урангоо “Алдагдсан үг”, “Хаан” зэрэг бүтээлээ эл үзэсгэлэнд дэлгэжээ. Тэрбээр бүтээлүүдээрээ дамжуулан “Бид нийгмээрээ гудамжинд тэнүүлчилж яваа хүмүүсийг үзэн ядах хандлагатай. Тэдний цаана ямар шарх, сорви нуугдаж, түүнийгээ яаж эдгээж яваа юм билээ. Үүнийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэд бусдаас үргэлж ангид байсан. Ял л өөрийнхөө амьдралд хаан нь мэт. Бусдыг гадаад төрх, нийгмийн байр сууриар нь ялгаварлаж буй хүмүүсийн сэтгэл зүйд л асуудал бий” гэх санааг илэрхийлэхээр зорьжээ. Түүнчлэн уран бүтээлч Б.Санжаа “Хүний сэтгэл зүй гурван төлөвтэй. Хамгийн зөв нь аль нэг тал руу хэлбийхгүй, төвийг сахих хандлага юм. Мөн бид сэтгэл хөдлөлгүйгээр аж төрөх боломжгүй гэх санааг ханаар төлөөлүүлэн дүрсэлсэн. Архаг стресс үүсэх гол шалтгаан нь эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийн аль нэгт нь хэт удах юм. Тиймээс тэнцвэр гэгч зүйл сэтгэл зүй, амьдралд ч хэрэгтэйг гэрэл зурагтаа буулгахыг хичээлээ” гэв.
“Нугарсан ч хугарахгүй” сэдэвт уралдааныг мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчдын дунд зарласан бөгөөд Монгол, АНУ, БНСУ, Индонез, Англи зэрэг найман улсын 31 гэрэл зурагчин оролцжээ. Эл уралдаанаас шалгарсан 50 орчим бүтээлийг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй аж. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 18 хүртэл олны хүртээл болгох бөгөөд үнэ төлбөргүй гэнэ.