Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Батбаяр одоогоос 40 жилийн өмнө зохиолыг нь бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваагийн найруулгаар “Хайрыг хайрла” жүжиг олны хүртээл болж, багагүй шуугиан дэгдээсэн байдаг. Залуу гэр бүл, дурлалт хосуудын зөрчил, шаналал, хайр сэтгэлийн мөн чанарын учгийг өгүүлдэг уянгын драмын жүжиг. Оросын нэрт зохиолч В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугүй буруутан”, зохиолч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зэрэг уянгын драм хэмээх тодотголтой уран бүтээлийг уншигч та мэдэх болов уу. Тайзны уран бүтээл эмгэнэлт, инээдмийн, түүхэн, уянгын зэрэг ямар ч төрөлд хамаарахаас үл шалтгаалан зохист хэмжээг баримтлах, утга санаагаа төгс хүргэх, уран бүтээлч сэтгэлгээгээр хандах нь чухал. Хүүхэд, залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр намар цагийн тоглолтоо нээлээ. Харин уг уран бүтээлийн хувьд шүүмжлэх ч, сайшаах ч талууд хосолсныг дурдах нь зөв.
1951 онд байгуулж байсан Хүүхдийн төв театр нь Хүүхэд, залуучуудын театр болон өргөжсөн ч удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй юм. Харин энэ оны дөрөвдүгээр сард театрын барилгын ажил бүрэн дуусаж, “Хайрыг хайрла” жүжгээр хөшгөө нээж байв. Тус жүжиг нэгэн цагт үзэгчдийг “татаж”, цахиур хагалж явсан хэдий ч тэр л үеэрээ театрын урлагийн түүхэнд үлдэж, мартагдахад хүрсэн. Харин театрын хамт олон эл уран бүтээлийг тайзнаа “амилуулж” буй нь хөндөх сэдэв, он цагийн хувьд ч хамгийн оновчтой сонголт мөн.
Амаржаргал, Туул нар гэрлээд 10 жил болсон хос. Туул нөхөртөө хүүхэд төрүүлж өгч чадаагүйдээ харамсаж, өөрийгөө буруутгадаг. ТэгвэлАмаржаргал хүүхэдтэй болохыг хүсдэг ч Туулыг байгаагаар нь хайрлахыг эрхэмлэдэг нэгэн. Уг шалтгаанаас үүдэн Туул, Амаржаргал хоёрын дунд үргэлж үл ойлголцол, зөрчил үүсэх бөгөөд Гэрэл хэмээх эмэгтэй тэдний амьдралд гарч ирснээр жүжгийн үйл явдал цааш өрнөдөг.
Шинэ хүмүүс, эсвэл удаан хугацааны дараа уран бүтээлд “хөл тавьж” буй нэгнийг үзэгчид хамгийн их сониучирхдаг. Тэр хэмжээгээр үзэгчийн үзэж, хүртэх хүсэл нь их байдаг билээ. Жүжгийн гол дүр болох Д.Оюунтуулыг уран бүтээлчийн хувиар сонжихоор ирсэн хүмүүсийн нэг байсны хувьд хэлэхэд тэрбээр улам жигдэрч, боловсорчээ. Аливаа уран бүтээлчийг “хошин шогийн”, “киноны”, “эсрэг дүрийн” гэсэн хайрцагт оруулчихдаг нь үзэгчид бид. Гэхдээ жүжигчин бол жүжигчин шиг байх ёстой. Түүнд “торлуулчхаад” нэг л янзын хөөрхөн царай, ууртай төрхөө гаргаж явах нь жүжигчний хувьд илүүц. Д.Оюунтуул хичээжээ.
Амаржаргалын дүрд тоглосон залуу жүжигчин Ч.Авирмэд, Гэрэлийн дүрийг бүтээсэн Х.Азбуян нар сайн ажилласан нь анзаарагдав. Тус жүжгийн зохиолыг Н.Уранзаяа шинэчлэн бичиж, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан юм. Уг тавилтыг өмнөхтэй нь харьцуулах боломжгүй тул тэдний найруулгыг “шүүх” хэрэгтэй. Зохиолын агуулга бүхэлдээ орчин цагийн хүмүүсийн хайр дурлал, зөрчлийн шалтгааныг тусгасан аж. Нэгнийхээ утас, сошиал хаягийг шалгах, хардах, олон нийтийн сүлжээнд хуурамч дүр төрх бүтээх, хувийн амьдралаа дэлгэх, нэгнээ өмчлөх харилцааг түлхүү дүрсэлжээ. Зохиолыг шинэчлэн бичихдээ эх агуулгыг гээлгүй, хүргэх хэлбэрээ өөрчлөх гэж хичээсэн байна. Энэхүү тавилт нь оносон байж болох ч зарим талаараа олон санааг дүр бүрээр хүргэх гэж хичээснээрээ эмх замбараагүй санагдав. Энэ нь дүрийн хөгжүүлэлт сулрах шалтгаан болсон байж магадгүй. Уянгын драмын жүжиг нь жүжигчдийн сэтгэл хөдлөл, уран чадвараар зохиолын утга санаа, нарийн мэдрэмжийг үзэгчдэд хүргэдгээрээ туйлын онцлог. Гэвч дээр хэлсэнчлэн зохист хэмжээг барьж, мэдрэмжтэй хандахгүй бол хуурамч, хиймэл, хоосон драм болдог талтай. Хэтрүүлэгтэй жүжиглэлт үүнд байгаагүй ч зарим дүрийн харилцан яриа хүчилсэн, хэт драматик байлаа. Туул Гэрэлийг нөхөртэйгөө ханилж, хүүхэд төрүүлж өгөхийг гуйдаг хэсэг бий. Харин Гэрэл 10 жилийн өмнө Амаржаргалын хүүг төрүүлснээ хэлтэл эрэгтэй хүүхдийн “Аав аа” хэмээх цангинасан дуу гардаг. Яг энэ хэсэг жүжигт туйлын илүүц бөгөөд нөгөө л хэт драматик ханджээ гэж бодоход хүргэсэн юм. Үзэгчдэд хэт хүнд санагдуулалгүй утга санаагаа хүргэж чадах нь мэргэжлийн уран бүтээлчийн мэдрэмж мэдэх хэрэг билээ.
Жүжиг бүхэлдээ бие биедээ хайртай хүмүүс нэгнээ болзолгүй хайрлаж, бусдын өмнө өөрийгөө буруутгалгүй, эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдрах нь чухлыг сануулав. Ийм л утга санааг орчин үед буулгаж дүрсэлсэн нь жүжгийн зохиолч, найруулагчийн оновчтой шийдэл байлаа. Жүжгийн ерөнхий уур амьсгалыг бүрдүүлж, сайн харагдуулахын тулд туршлагатай уран бүтээлчдийг тоглууллаа хэмээн шүүмжлэх нь бий. Гэхдээ Амаржаргал, Туул нарын хөршийн дүрд тоглосон Гавьяат жүжигчин А.Цэгмэд жүжгийн чимэг, солонго нь байсныг хэлэх нь зөв. Хүүхэд, залуучуудын театрыг зорин олон хүн иржээ. Тайзны үзвэр нь үзэгч, жүжигчин хоёрын дунд амьд эрчим, холбоо үүсгэдэг. Харин утсаар ярих, хоорондоо шивнэлдэх, утсаа үзэх зэрэг үзэгчийн бүдүүлэг үйлдэл тэрхүү анхаарлыг үгүй хийж, аргагүй бухимдахад хүргэдэг. Үзвэрийг зорихоосоо өмнө хувь үзэгч өөрийн соёлд анхаарах нь чухал байна. Хүүхэд, залуучуудын театрын хамт олон намар цагийн үзвэрээрээ нэгэн шидээвэр бүтээл толилуулсан нь энэ билээ. Хавчуургатай талх шиг өөр өөр хүмүүс нэгнээ байгаагаар нь хүлцэн хайрлах нь хайрыг хайрлаж байгаа явдал аж.
Д.Хүслэн