Цирк бол гоо сайхан, эр зоригийн урлаг. Тоглолтын үзүүлбэр бүхэн баяр хөөр, догдлол дүүрэн байх агаад түүний дотор орших сүр жавхлан нь циркийн урлагийн мөн чанар билээ. Түүнчлэн нас харгалзахгүйгээр бүх хүнд хөгжөөн цэнгэл бэлэглэж чаддаг нь ч энэхүү урлагийн мөнхийн шинж.
Өнгөрөгч пүрэв гарагт “Bravo circus-5” эхэллээ. Монгол бөхийн өргөө насанд хүрэгчдээс илүү хүүхэд багачуудын хөлд дарагдах нь тэр. Танхимын нэгдүгээр давхарт ажилтнууд агаарын бөмбөг, чихэр, эрдэнэ шиш, гэрэлт бөмбөлөг зарж, түүний цаана бяцхан буфет ажиллаж харагдлаа. Үзэгчид танхимд тус тусын суудлаа эзэлсний дараа хоосон суудал үзэгдсэнгүй. Зарим тоглолтын үеэр суудал дүүрэхгүй, үзэгчид цөөн байдаг хэмээдэг. Харин уг тоглолтод хоосон суудалгүй, танхим дүүрэн үзэгч байсан нь дээрх тодорхойлолтыг өөрчилсөн юм. Шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, найруулга, үзүүлбэрээр эргэн ирээд буй “Bravo circus-5” олон улсын цирк хэдийн үзэгчдэд танил болж, хүлээлт үүсгэсэн байж магад.
Яг одоогийн нөхцөлд циркийн үзүүлбэр толилуулахад хамгийн тохиромжтой байршил бол Монгол бөхийн өргөө. Дугуй тайз засаж, агаарт акробат хийх, уран нугарах, нэг дугуйт, амьтадтай үзүүлбэр үзүүлэхэд илүү дөхнө. Дугуй тайзны дээр “Bravo circus” хэмээн бичжээ. Тайз засал маш энгийн боловч үзүүлбэрүүдийн шилжилтэд тохируулан, хялбар хувирган өөрчлөх боломжтой санагдав. Ийнхүү тоглолт эхэллээ.
Циркийн үзэгчид жүжигчдийн үзүүлбэрүүдийн хүндхэн гүйцэтгэлээс гадна хөгжим, хувцас, үйл хөдлөлийг гярхай анзаардаг талтай. Товчхондоо, ганцхан зүйлээр гайхагдах боломжгүй. Тоглолтын турш оркестр хөгжим ашигласан нь бүрэн дүүрэн, сэтгэл хөдөлгөм байсныг дурдах нь зөв. Жүжигчдийн хувцас, хэрэглэл тайзны гэрэлд дэргэдээс нь харах шиг гялалзах ба гэрэлтүүлэг нь үзүүлбэрийн хүчийг нэмэгдүүлж, үзэгчдийн анхаарлыг татаж, орон зайн ялгаатай мэдрэмжийг тохирсон цагтаа бүрдүүлж байв. Агаарын акробат, газрын цагариг, алиалагч, жонглёр, дан дугуй, олс, морь, хүчирхэг 11 барын үзүүлбэр зэргээс бүрдсэн тус тоглолт эхлэхээс дуусах хүртлээ томчуудыг ч хөгжөөж, баяр хөөр мэдрүүлсэн нь анзаарагдлаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Bravo circus” нэгдлийн ерөнхий продюсер Ч.Хатанбаатар тоглолтыг хөтөлсөн юм. Тэрбээр зургаан настайгаасаа циркийн урлагтай амьдралаа холбосон нэгэн. “Circus Khadagaa” төвийн тэргүүн Ч.Хатанбаатар, “Шинэ цирк” төвийн тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт, “Монгол цирк” төвийн тэргүүн Б.Ариунболд нар хамтран “Bravo circus” нэгдлийг байгуулсан. Тэд 2022 оны аравдугаар сард анхны тоглолтоо зохион байгуулсан юм.
Монголын циркийн урлаг 83 жилийн түүхтэй. Улаанбаатар хотод циркийн 30, орон нутагт 10 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тав дахь удаагаа үзэгчдэд хүрч буй тус тоглолтын талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар “Дэлхийн хэмжээнд шагшигдаж, үзэгчдийн анхаарлыг татаж буй үзүүлбэр, уран бүтээлчдийг манай нэгдлийнхэн Монголын хүүхэд багачуудад үзүүлэхийг зорьдог. Учир нь олон улсын циркийн үзэгчдийн үзэж, хүртэж буйгаас манай үзэгчид хоцрохгүй байх хэрэгтэй юм. Цирк бол гэр бүлийн урлаг. Нийслэлийн соёлт иргэн бүр циркийн урлагаар хүмүүждэг жамтай. Түүнчлэн хүүхдийг бага насанд нь гоо зүй, урлагийг таашаах мэдрэмжид хөтлөхөд ч чухал нөлөөтэй. “Bravo circus-5” тоглолтын гол онцлог бол дэлхийн циркийн шилдгийг шалгаруулдаг Монте Карлогийн наадмын шагналт Бруно Тони үзүүлбэрээ толилуулж, олон үүлдрийн барыг нэг дор цуглуулж буй нь юм. Амьтан сургагч дэлхийд олон. Харин Бруно Тони нь Монте Карлогийн наадмын таван удаагийн шагналт амьтан сургагч. 10 000 километрийн цаанаас манай үзэгчдийг зорьж ирлээ. Энэ нь бидэнд үзүүлж буй хүндэтгэл болов уу. Түүнчлэн Беларусь, Итали, Оросын циркчдийн хамтарсан үзүүлбэрүүд ч багтаж байна” гэж онцоллоо.
Түүнчлэн манай улсын циркчдийн талаар тэрбээр “Монголын циркчид гадаад улсад аялан тоглож, уралдаан, тэмцээнд оролцохоос гадна, дотоодын үзэгчдэд тэдний ур чадварыг харуулж, сурталчлах нь манай нэгдлийнхний зорилго. Уг цуврал тоглолтоо эхлэхээс өмнө гурван жил судалгаа хийсэн л дээ. Циркийн урлаг 10 гаруй жил чимээгүй байлаа. Энэхүү орон зайг хэрхэн нөхөж, алдагдсан үзэгчдийн сонирхлыг татаж, сэтгэл ханамжтай байлгах вэ гэдгийг судлах нь чухал байсан. Цирк бол цогц, нийлмэл урлаг. Тоглолтыг зорьж ирсэн гэр бүлүүдийг насан туршдаа санах дурсамжтай үлдээж буй нь бидний амжилтын нэг үзүүлэлт” гэсэн юм.
Мөн тоглолтын онцлогийн талаар хэлэхдээ тэрбээр Монте Карлогийн наадмыг олон удаа дурдсан юм. Олон улсын энэхүү наадам бол дэлхийн хамгийн алдартай, “циркийн олимп” гэгдэх арга хэмжээ юм. Дэлхийн улс бүрээс ирсэн шилдэг уран бүтээлчид акробат, жонглёр, уран нугаралт, алиалагч, амьтдын үзүүлбэрээр өрсөлддөг аж. Манай улсад өөрийн үзүүлбэрээ толилуулж буй Бруно Тони нэгэн ярилцлагадаа “Бид хоёр цагаан, хоёр ягаан болон бусад төрлийн нийт долоон бар авчирсан. Дэлхий дахинд 400 орчим шар бар бий. Монголд тус үзүүлбэрийг толилуулах нь тун сонирхолтой байх болов уу. Манай гэр бүл үргэлж амьтадтай сургуулилж, ажиллаж ирсэн нь амьтан сургагч болоход нөлөөлсөн байх. Миний хувьд 2017 оноос бар сургаж эхэлсэн” хэмээжээ.
Бартай үзүүлбэр тоглолтын хоёрдугаар хэсэгт болсон бөгөөд завсарлагын 20 минутад дугуй тайзыг тойруулан дөрвөн метр, магад түүнээс ч өндөр төмөр торыг туслах ажилтнууд нүд ирмэхийн зуур угсарчхав. Төмөр торон дотор үдэшлэг, шөнийн клубт хэрэглэдэг диско бөмбөгнүүд, үзүүлбэрт ашиглах зарим хэрэгслийг байршуулснаар үзэгчдийн хүсэн хүлээсэн бартай үзүүлбэр эхлэх нь тэр. Тоглолтын хөтлөгч хурц гэрэл тусгаж, огцом үйлдэл хийж болохгүйг санууллаа. Ийнхүү Бруно Тони төмөр торноос баруудыг нэг нэгээр нь гаргав. Тэд түүний заавраар газарт хэвтэн эргэлдэж, хойд хоёр хөл дээрээ үсэрч, харайж байлаа. Тэр бүрд үзэгчид тэдэнд алга ташин баяр хүргэж, анхааралтай ажиж байв. Зэрлэг амьтдыг удирдаж, үзүүлбэр толилуулах нь тэр чигтээ эр зориг. Энд цугласан үзэгчдээс олон өнгийн бар харахаас илүүтэй амьтан сургагчийн тэдэнтэй харьцаж буй байдлыг ажих хүсэлтэй нь дийлэнх байсан биз. Олон улсын циркийн амьтан сургагчид сургаж байгаа амьтныхаа зан төлөв, онцлогт тулгуурлан урамшуулж, сөрөг үйлийг засаж, аюулгүй, тайван орчинд өөрийнхөөрөө суралцахад нь анхаардаг аж. Түүнчлэн тэдэнд хоорондын итгэлцэл, сайхан харилцаа чухал гэнэ. Үзүүлбэрийн төгсгөлд хоёр бар диско бөмбөг дээр гарахад гэрэл асаж, танхим тэр чигтээ ид шидийн орон болж, түмэн өнгө солонгорлоо.
Монголын циркчид энэ тоглолтод дан дугуй дээр жонглёрдож, морьтой үзүүлбэр үзүүлсэн юм. Бас л өө сэвгүй. Олон улсын гэх тодотголтой тус тоглолт дэлхийн циркчдэд манай улсын баг, уран бүтээлчдийн чанар чансаа, зохион байгуулалтыг илтгэж буй. Юмс жигдэрнэ гэж байдаг. Циркийн урлаг даруу төлөв, чимээгүй байсан он жилүүдэд манай циркчид бэлтгэлээ хийсээр, олон улсын уран бүтээлчидтэй адил тэнцүү, жигд явсныг харав. Тоглолт дуусахад циркчид хэдэнтээ мэхийн ёсолж, үнэнхүү баяссан харагдлаа.
Циркийн тоглолт нь дуулж байгаад өнгө алдах, жүжгийн дунд үгээ, бүжгийн дунд хөдөлгөөнөө мартахтай адилгүй юм. Бүх алдаа нь үзэгчдийн өмнө ил бөгөөд бодит. Өөрсдийгөө буцах аргагүй эрсдэлд оруулдаг ч талтай. Иймд циркийн жүжигчид ховор. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн циркийн ур чадварын өрсөлдөөнд манай уран бүтээлчид оролцож, өөрсдийн байр суурь, орон зайгаа эзэлсээр явна.Уг циркийн тоглолтыг зөвхөн гэр бүлүүдэд зориулсан, хөгжөөн цэнгээнт гэж тодорхойлохоос илүүтэй манай уран бүтээлчдийн цаашдын амбиц “үнэртсэн”, асар их боломж, өгөгдөл буйг баталлаа.
Том, бяцхан үзэгчид “Bravo circus” хэмээх хэсэгт зургаа авхуулж, баяр хөөрт умбан байв. Тус тоглолт аравдугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.
Д.ХҮСЛЭН