Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны болон Н.Рубцовын нэрэмжит Бүх Оросын утга зохиолын шагналт зохиолч, орчуулагч Х.Хангайсайханы “Хайрын шүлгүүд” түүвэрт багтсан бүтээлүүдээс дээжлэн уншигчдадаа хүргэж байна.
Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр дүүргэж, Монголд үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан анхны судлаач болсон тэрбээр өнгөрсөн хугацаанд шинжлэн судлах, багшлах нөр их ажлынхаа хажуугаар шүлэг зохиол бичих, орчуулахад сэтгэл зүрхээ зориулж иржээ. Х.Хангайсайхан өөрийн бичсэн, хөрвүүлсэн бүхнээ эмхэтгэн шүлэг, найраглалын “Ээжийн шүлэгтэй од”, өгүүллэг, туужийн “Задгай цагаан орчлон”, нийтлэлийн “Сэтгэлийн цэнхэр огторгуй”, орчуулгын “Аянга чөдөрлөхүй”, “Тал нутгийн одод” зэрэг таван номоо хэвлүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн шилдэгт тооцогдох 14 яруу найрагчийн шүлэг, найраглалыг өөрийн санаачилгаар эх хэлнээ хөрвүүлж, “Дэлхийн яруу найраг” хэмээх цуврал номоор дамжуулан Монголын уншигчдад хүргэжээ.
Танайд би ирлээ
Сэмхэн ажих харцыг минь
Олж чи хараасай гэж
Сэтгэл зүрхний үгийг минь
Ойлгож бас аваасай гэж
Дурлалын шидэт хүчинд
Хөтлөглөж би гарлаа.
Дундгүй хайраа тээж
Танайд би ирлээ.
Очих хархан нүдээрээ
Эгцэлж нэг ширтээсэй гэж
Өр зүрхийг минь баярлуулах
Ганцхан үгээ хэлээсэй гэж
Хайрын татах хүчинд
Хөтлөгдөж би гарлаа.
Хайлган сэтгэлдээ уярч
Танайд би ирлээ.
Эмээр анагаахгүй дурлалын
Зовлонг чамтай хуваалцах гэж
Эмнэг залуу насныхаа
Зоригийг бас чангалан байж
Дурлалын шидэт хүчинд
Хөтлөгдөж би гарлаа.
Дундгүй хайраа тээж
Танайд би ирлээ.
Хаврын өдрийг мартаагүй ээ
Сүүлчийн цас унасан
Хаврын тэр өдрийг мартаагүй ээ, би
Сургуулийн хашаанд
Цасаар шидэлцэн зогссоноо
Санаж байна аа, би
Энгэрийн яргуйд үр шимээ өгөх
Сүүлчийн цас оржээ гэж тэр өдөр
Бодоогүй ээ, би
Ээжийн хонгор охинд өргөх
Сэтгэлийн яргуй дэлбээлнэ гэж урьд шөнө нь
Зүүдлээгүй ээ, би
Орчлон ертенц тэр өдөр
Шинээр бүрэлдэн тогтох шиг болж
Онгон зүрх минь тэр өдөр
Хөгжмийн найм дахь эгшиг мэдэрч
Хөвүүн биед минь тэр өдөр
Эрийн тэнхээ илт хуралдаж
Хөөрхөн чинийхээ гараас хөтөлж
Орчлонг тойрсон ч болохоор байсаан...
Арван зургаан нас
Анхны дурлал
Хайрын дуу гурав
Хамт ирсэн
Хамгийн сүүлчийн цас орсон
Хаврын тэр өдрийг мартаагүй ээ, би!
Хайрт минь Шилийн богд яваад ирлээ...
Хайрт минь Шилийн богд яваад ирлээ
Хаа холын сайхан нутаг ус үзээд ирлээ
Торой Бандийн домог нэг сонжоод ирлээ
Торомгор Шармааны дуу сонсоод ирлээ.
Сайн эрсийн алдар өнө мөнх дуурссан
Сайхан бүсгүйн ая дуу өнөө ч уянгалсан
Дарь уул, Ганга нуураар түмэнд овогтой
Дарьганга зоны амрыг мэдээд ирэв үү
Сүлдэнд цагаан морьтой мөнхөрсөн
Сүхбаатар жанжны удмынхан сайн уу?
Дарьгангаа дэлхийд алдаршуулан дуулсан
Дашбалбар андын нутгийнхан сайн уу?
Алсаас харсан хэний ч хийморь сэргээх
Дарь уулын хормойд тавтай хоноглов уу?
Алгандаа дээжлэн, магнайгаа нэг шавшиж
Ганга нуурын уснаас сүсэглэн хүртэв үү?
Талын агуйд хэдэн хором тухлан саатав уу?
Торойн гаргасан бартаат замаар мацав уу?
Шилийн богд явж, Алтан овоонд мөргөсөн
Миний хонгорын сүлд хийморь нь сэргэв үү?
Алтан Овоо, Шилийн богдоор аялахдаа
Аль эртний буурал түүхийн замаар бэдэрч
Цөс ихт эрсийн мохошгүй зоригийг шагшиж,
Шударга үйлийн төлөө тэмцэж боссон Торой
Түмний хүсэл тээсэн сайн эр юм гэдэгт итгэв үү
Шулуун зантай эр нөхрөө өмөөрсөн Шармаан
Түүхэнд гийсэн сайхан бүсгүй гэдэгт бишрэв үү?
Уулын шөнө
Улааран байгаа тэнгэрийн хаяа ширтэн
Уулын шөнө, саран мандахыг хүлээхүйд
Унтаагүй шувуудын сулхан жиргээн
Уянга нэмж шөнийн амгаланг хөглөнө
Хот айлын тэндээс яндангийн оч улалзаж
Холын чимээ анирлан чөдрийн морь тургилж
Багын дурдатгал шөнийн сэвшээгээр айлчилж
Баярын совин зүрхэн тольтод минь харвана.
Янагшин дассан энхрийхэн чи минь
Янзага адил дэгдэн хажууд хүрч ирэхүйд
Үхэлгүй мөнхийн амьдралд би умбаж
Үлгэр туульсын хан хөвгүүнд хувилна.
Улаанбаатарын уянга
Хайртай нэг бүсгүйг минь
Хаа нэгэн дүүрэгтээ нуучихаад
Азтай залуу шиг жавхаажин
Алтан наранд гялалзах юм
Ай, Улаанбаатар минь
Азийн цагаан нийслэл минь!
Үеийн хонгор бүсгүйг минь
Өндөр харшдаа оруулчихаад
Үдшийн намуухан цагаар
Солонгын өнгөөр гэрэлтэх юм
Ай, Улаанбаатар минь
Азийн цагаан нийслэл минь!
Одот шөнө зүүдэнд эрхлэн
Саран гоо бүсгүй мишээх юм.
Өдрөөс өдөрт хаяа тэлэн
Саруул дүүрэг чинь тэлэх юм
Ай, Улаанбаатар минь
Азийн цагаан нийслэл минь!
Сайхан инээмсэглэлт хонгор минь
Сайхан инээмсэглэлт хонгор минь,
Зам дээр үргэлж тосоорой.
Сар, жилээр чиний инээмсэглэлийг
Саатан сууж харах юм сан.
Уярам инээмсэглэлт хонгор минь,
Уулзах бүрдээ ийм байгаарай.
Уран гоо, солонго татуулам чамд
Унан тусан дурлахад бүү гайхаарай.
Ялдам инээмсэглэлт хонгор минь,
Ягдах үедээ намайг дуудаарай.
Яргуй энхрийхэн биеэрээ,
Янагийн хайранд жаргаарай.
Хайрын хайраар чамайг хайрлана
“Если бы жизнь сначала начать...”
С.Куняев
Амьдрал хэрвээ шинээр эхлэх бол
Ай даа, би чинийхээ л зүгт гүйх сэн
Алтан нарнаас тэргэл сарны хооронд
Амрагийн дуу чамдаа л аялах сан
Өнгөрсөн амьдралаа эргүүлэх биш дээ,
Өнөө бид арван наймтай болохгүй ээ
Тогоруухан хонгор охин чамдаа
Томоогүй банди би дурлал зарлахгүй ээ.
Ангийнхаа охиноор захидал зөөлгөж,
Анхил чиний сэтгэлийн жолоо алдуулахгүй ээ.
Хайрын захидлын хариу би нэхэж,
Харих замд чинь амдаж бас тосохгүй ээ.
Гэлээ ч хүмүүний амьдрал цаанаа утгатай
Гэрэлт орчлонд сарнай хэнзлэх жамтай.
Хайрын хайраар чамайгаа үнэн хайрлах,
Хавтай насны жаргал ирж байж мэднэ...
Амьдрал хэрвээ шинээр эхлэх бол
Ай даа, би чинийхээ л зүгт гүйх сэн
Алтан нарнаас тэргэл саран хүртэл
Амрагийн дуу чамдаа л би аялах сан.
Унаган хайрын дуун
Зуны амгалан шөнө
Хязгааргүй үргэлжилнэ.
Зүрхэнд ассан гал
Бөхөхгүй оволзоно.
Очит хархан нүдэнд
Хайр гэрэлтэн харагдана.
Одот шөнийн намуунд
Ирмэж намайг дуудна.
Дөлгөөн хархан нүдэнд
Дөхөж очихыг хүснэм.
Дурлалын илчээр төөнөж
Дуу, хайраан илгээнэм.
Энэ л насны баяр
Хонгор чинийхээ гэзгэнд
Хонхон цэцэг зүүчихээд
Хурмастын буданд умбажээ
Хан ууландаа явахад
Хуримын ордонд байснаас
Хавьгүй илүү санагддаг аа.
Анхил чинийхээ гэзгэнд
Алтан зул хатгачихаад
Асгарах бороонд норжээ
Алтайн ууландаа явахад
Алдхан биенд оноосон
Амьдын жаргалыг мэдэрдэг ээ.
Энхрий чинийхээ гэзгэнд
Эрээн цэцэг сүлжчихээд
Өнгийн солонго өргөжээ
Өндөр ууландаа явахад
Эргэх орчлонд элээсэн
Энэ л насны баяр аа
Хурмастын үүл хөлөглөн...
...Борооны бололтой үүл нь гарна л
Бодлын хайртай амраг нь аашна л.
... Саарал өнгийн үүл нь гарна л,
Санааны хайртай амраг нь явлаа л...”
Дөрвөд ардын дуу
Хөгжингүй бөөн үүлэн дээр
Хөлөө унжуулж тухлан суугаад
Сэмжин үүлээр нөмрөг хийж
Сэтгэлийн амрагаа зорилоо гэж
Хэчнээн ч удаа зүүдлэв ээ, би
Баруунаас нүүх үүлс хөлөглөн
Багын тэр минь ирсэн бил үү?
Урдаас нүүх үүлэнд дайгдан
Уулын Алтайгаа зорьсон уу, би?
Идэр насны хайрын сэтгэл
Ийм л мөрөөдөлтэй байж дээ.
Хурмастын үүл хөлөглөх гэсэн
Хувь заяандаа баярланам, би!..
Цагийн үргэлжид тэнгэр ширтэх
Цаг уурч заяандаа талархнам, би!
Кузнецийн гүүрэн дээрх болзоо
И.А.А-д
Ай, Алла!
Кузнецийн гүүрэн дээр уулзуутаа, Та
Александр Пушкиныг дурсан ярихад
Алтан зуун эргэн ирэх шиг болж
“Азтай хормыг би дурсдаг...” гэж
Агшин зуурт би уулга алдсан юм.
Ай, Алла!
Оросын залуу бүсгүйтэй энд уулзахдаа, би
Орь залуугийн зангаар догдолсон минь учиртай.
Талын халимаг бүсгүй-эгчийг минь харчихаад
Танай Саша ч бас барыц алдсан удаатай,
Та биднийг энэ хувь заяа тойрсонгүй ээ!
Ай, Алла!
“Монгол явах галт тэрэгний билет хүргэж өг” гэж
Таныг Ус, цаг уурын хороо томилоогүй юм шиг.
Монгол хүүтэй хайрын болзоонд уулзаж,
Москвагийн өвлийн цэцэрлэгт дуулж яваг гэж
Таныг Саша Пушкин илгээсэн юм шиг ээ!..
Ай, Алла!
Зуун дамжсан нэртэй шүлгийн мөр та хэлэхэд
Зүрхнийхээ үнэн үгийг би яахан харамлах билээ,
Чадан ядан бичсэн шүлгээ танд би өргөх гэлээ.
Алла таныг мөнх залуу яваасай гэж би залбиръя,
“Алтан зууны Аннатай уулзлаа” гэж орчлонд
зарлая!
Ай, Алла!
Талын халимаг бүсгүйн ойрын нэгэн дуу
Хурцхан авиртай монгол залуутай найзал гэж
Таныг над руу Саша Пушкин илгээсэн байна,
Кузнецийн гүүрэн дээр бид зүгээр нэг уулзаагүй юм,
Кузнецийн гүүрэн дээр бид хайрын болзоонд очсон юм!