Урчуудын эвлэлийн гишүүн, интерьерийн зураач Д.Батдорж “Халуун элгэн нутаг” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр нээлээ. Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй эл үзэсгэлэнг энэ сарын 29 хүртэл олны хүртээл болгох юм байна.
Уран бүтээлч Д.Батдорж “Халуун элгэн нутаг” үзэсгэлэнгээрээ дамжуулан хот төлөвлөлтийн санаа, шийдэл, гүйцэтгэлийг харуулахаар зорьсон гэнэ. Тэрбээр чимэглэл, интерьер, экстерьерийн уран сайхны шийдэл, орон зайг усан будгаар буулгасан 100 гаруй бүтээлээ эл үзэсгэлэнд дэлгэжээ. Түүний бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
У.СҮРЭН