Дэлхийн өнцөг булан бүрд хадгалж буй, Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан “Art of the Mongol world” үзэсгэлэнг Британийн Эзэн хааны урлагийн академид дэлгэх нь.
Үүний хүрээнд Эзэн хааны урлагийн академи болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрынхан өчигдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Британийн урлагийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч, 250 жилийн түүхтэй Эзэн хааны урлагийн академи Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр гурван сарын турш үзэсгэлэн гаргахаар болжээ. Хоёр улсын хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэн нь Франц улсад дэлгэсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн дараа орох, Монголыг урлагаар дамжуулан олон улсад эергээр сурталчлах томоохон арга хэмжээнүүдийн нэг болохыг албаныхан онцоллоо.