14-16-нд уламжлал ёсоор төв талбайд зохион байгууллаа. Энэ удаад цар хүрээг нь улам тэлж, оролцогчдын тоо ч нэмэгджээ. Зохиолч нар номын баярт зориулан бэлтгэл ажлаа хангадаг, зорин очих хүмүүс нь “хэтэвчээ бэлддэг” энэхүү үйл ажиллагаанд зочлох хүний тоо баасан гарагт харьцангуй цөөн байсан. Бямба гарагт харин бужигнав. Хүүхдүүд үлгэрийн ном хайж, эцэг, эхчүүд нь шинжлэх ухааны сэдэвтэй бүтээл эрээд бүгд л завгүй гүйлдэнэ. Хүндэлж явдаг зохиолчтойгоо уулзаж, ярилцах боломж тэнд бүрэн бий. Номын дэлгүүрээс бүтээлийг нь аваад гарахаас илүүтэй зохиолчийнх нь гарын үсэгтэй, ерөөлийн үгстэй ном үнэ цэнтэй санагддаг ч байж болох юм.
Өмнөх жилүүдэд оролцлогчид хүнсний бүтээгдэхүүн авахаар төв талбайн ойролцоох худалдааны төвүүдийг зорьдог байсан. Харин энэ удаа талбайд түргэн хоолны цэг олноор байршуулжээ. Үүний улмаас хоол хийх явцад гарах утаа униар тэнд их байв. Нэг талаараа сайшаалтай мэт боловч дутагдалтай тал ч бий. Асруудын зохион байгуулалтын хувьд хойд хэсгээр нь голдуу уран зохиолын ном байгаа. Дунд хэсэгт хувь хүний хөгжлийн бүтээлүүд, урд хэсгээр гар урлал, хүүхдүүдэд зориулсан номын асрыг байрлуулжээ. Онцлох үйл ажиллагаа нь номын тухай хэлэлцүүлэг юм. Үлгэр баатруудын тоглолтыг хэлэлцүүлгийн дундуур өрнүүлсэн. Энэ удаагийн номын баяраар Өдөр тутмын сонинуудын холбооноос уншигчидтайгаа “мэндчилсэн” юм. Тухайлбал, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ы хамт олон хамтран ажиллалаа.
Эл асарт зорин ирсэн уншигчид саналаа илэрхийлэх, тулгамдаж буй асуудлаа сэтгүүлчдэд хуваалцаж байв. Номын баярт оролцогчид цаасан сониныг шимтэн уншихын зэрэгцээ захиалга өгч ч амжлаа. Бас өдөр тутам завгүй ажилладаг хүмүүс амьдралын хэв маягтаа тохируулан цахимаар сонин захиалж байсан. Мөн Утга зохиолын залуучуудын хөгжлийн зөвлөлийн асрыг онцолъё. Тэнд анхны бүтээлээ гаргаад буй залуу зохиолч нар “цуглажээ”. “Internom”, “Tagtaa publishing”, “Альфа” номын дэлгүүрийн асрынхан амсхийх завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав нарын асарт ч хүний хөл тасарсангүй. Тэдэнтэй уулзсан хүн бүр ихэд баяртай харагдаж байсан юм.
Номын баярын сүүлийн өдөр хүчтэй шороон шуургатай байснаас зарим асар нуржээ. Иймд зарим зохиолч нар бүтээлүүдээ эрт хураав. Ном нь салхинд хийсэх, асар нь нурж унах гээд сүүлийн өдөр хүндрэл ихтэй байсан гэнэ. Хүндэлдэг зохиолчтойгоо уулзаж, номын ертөнцөөр аялах боломжийг олгодог эл баяр өчигдөр ийнхүү өндөрлөлөө. Ирэх оны номын баяр хүртэл унших номоо иргэд эл үйл ажиллагаагаар “нөөцөлсөн” болов уу.