“Эрчим” клубийн ногоон талбайд “Хөл бөмбөгийн Доржсүрэн сан”-гийн нэрэмжит мастеруудын 45-65 насныхны АШТ ид өрнөж байна. 22 багийн 200 гаруй тамирчин оролцож буй дээрх тэмцээний аваргууд ирэх амралтын өдөр тодрох юм. Нэрт дасгалжуулагч, ОУХМ Л.Доржсүрэн агсан нь нийслэлийн 14 дүгээр сургуулийн хөл бөмбөг, хоккейн талбайг байгуулж, сурагчдыг спортод сонирхолтой болгох шинэ арга зүйг анх нэвтрүүлжээ. Түүнчлэн хөл бөмбөг, волейболын “Эрчим” клубийг анх үүсгэн байгуулсан нь өдгөө Монголын хөл бөмбөгийн “Холбооны цом”-ын тэмцээнд гурав, үндэсний лигт 13, “Супер цом”-ын аваргаар нэг удаа шалгараад байна. Тухайлбал, гадаад болон дотоодод зохион байгуулсан хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, одон бөмбөгийн тэмцээнд 70 гаруй удаа оролцохдоо тэргүүн байрт 50, дэд байрт 16, III байрт 10 удаа шалгарснаар эрчим хүчний спортын шилдэг байгууллага болж алтан цом гарджээ. Тус сангийн нэрэмжит тэмцээнийг 2022 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 14 насныхны дунд дөрөв, тавдугаар, ахмадын ангилалд есдүгээр сард зохион байгуулдаг болжээ. Одоогоос гурван жилийн өмнө байгуулсан уг сангийн тэргүүнээр тус сургуулийн төгсөгч, түүний шавь, “Рэс” компанийн захирал Р.Эрхэмсайхан ажилладаг аж.
Б.ЭНХЗАЯА