Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Улс төрийн амаргүй цаг үед, 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 22 цагийн хугацаанд хийсэн энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны олон чухал асуудлыг шийдэж амжсаныг талууд онцолж байна. Тэрбээр таван жилийн өмнөх яг энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар хоёр орон харилцааны түвшнээ ахиулж, Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон билээ.
Энэ удаагийн айлчлал нь Халхын голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, дээр дурдсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, гэрээ байгуулсны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд улс төр, эдийн засгийн олон өөрчлөлт гарсантай холбогдуулан хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон. Үүнээс гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Түүнчлэн энэ оны сүүлчээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр болон Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлж, гурван улс хамтран холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болсон юм.
Энэ айлчлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогодоо “моралийн” шинж чанар агуулсан шийдвэр гаргалаа гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Учир нь түүхэн, уламжлалт, найрсаг, харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлтэй гэх мэт олон агуулга, тодорхойлолтыг тээсээр өнөөг хүрсэн мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийг энэ цаг үед эх орондоо урьсан нь хожмын өдөр түүхэнд “моралийн” айлчлал гэж бичигдэн үлдэж мэдэх юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн төрөлхтний нүдэн дээр эх орондоо түүнийг урих нь амар сонголт байгаагүй.
“Моралийн” хэмээн тодотгосны учир нь зочин орны нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газар энэ өдрүүдэд ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 2.8 хувь болгон ахиулж, ОУВС 2024 оны эдийн засгийн төсөөллөө 3.2 хувь болгон зарлаад байна. Мөн зарим хэвлэлд “ОХУ-ын эдийн засгийн өсөлт дайны өмнөх буюу 2021 оны түвшинд эргэн ирсэн” хэмээн өгүүлэх болсон ч бодит байдалд сүүлийн зургаан сард тус улсын Төв банкны мэдээллээс харахад инфляц, бодлогын хүү аль аль нь өссөөр байгаа юм. Энэ нь нийлүүлэлтээс давсан эрэлттэй холбоотой гээд үзэхээр эдийн засгийн хоригтой, амаргүй нөхцөл байдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг харуулна.
Нөгөөтээгүүр, ардчилсан Монгол Улсад В.Путинийг хэрхэн хүлээн авах нь дэлхий дахины анхаарлын төвд байлаа. Тодруулбал, ардчилсан парламентын шийдвэргүйгээр нэг ч алхам илүү хийхгүй байх зохицуулалт нь Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа яах аргагүй мөн гэдгээ харуулах цаг ирсэн байна. Түүнээс биш гадаад бодлогын хувьд баримталж байгаа зарчим туйлын тодорхой. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлоготой. Олон тулгуурт гадаад бодлоготой орон хэн нэгэнд, аль нэг улсад бусдаас өөр зарчмаар хандах боломжгүй. Мөн “байнгын төвийг сахих” ямар ч боломжгүй. Харин Монголын тал найрсаг хамтын ажиллагаа, Иж бүрэн түншлэлийн гэрээнд заасан “гэрийн даалгавар”-аа сайн хийсэн. Нэг жишээ нь, Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслүүдийг татан гаргах ажил дөрвөн жил үргэлжлэв. Ингэснээр их хэмжээний шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдлаар Хөвсгөл далай болон Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, улмаар Байгал далайг ч бохирдуулахаас сэргийлж чадлаа. Гэхдээ хоёр тал эргэж харах ёстой, дахин хэлэлцэж шийдвэрлэх зайлшгүй шалтгаан үүсчхээд байгаа асуудал бишгүй бий. Тус гэрээний 12 дугаарт заасан төмөр замын царигийн асуудал үүний бодитой жишээ нь.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийг угтан авч мэндийн үг солихдоо л ирэх онд дахин айлчлахыг урьсан. Энэ бол төгсөшгүй харилцаа. Харин ч сэргээгдэж, эдийн засгийн агуулгаар баяжиж, үр дүнд нь хоёр орны иргэд хожиж байх учиртай. Үүнийг л тэнцвэртэй харилцаа гэдэг.
У.ОРГИЛМАА