“Урлан креатив” студийнхэн үүсэн байгуулагдсанаасаа хойших 16 жилийн хугацаанд авсан шилдэг гэрэл зургуудаа толилуулна. Эл үзэсгэлэн нь үндсэн дөрвөн хэсэгтэй. Тухайлбал, сурталчилгааны, байгалийн, хөрөг зураг болон кино, жүжгийн постер гэсэн хэсэгтэй юм байна. Кино, жүжгийн постерын хэсэгт “Тэгри чину” кино, “Клеопатра”, “Тамгагүй төр” зэрэг жүжгийн зургийг дэлгэх аж. Энэ нь дээрх студийнхний толилуулж буй анхны үзэсгэлэн гэнэ.
“Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 11-15-нд 10.00-19.30 цагт эл үйл ажиллагааг зохион байгуулах юм. Дэлхийн мэргэжлийн гэрэл зурагчдын дунд томоохонд тооцогдох “35 award”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” төрөлд өнгөрсөн тавдугаар сард “Хатан” хэмээх хөрөг шилдэг дөрөвт шалгарч байсан билээ. Уг зураг нь дээрх студийн бүтээл бөгөөд гэрэл зургийг авсан М.Ганзориг нь шилдэг 100 зурагчны нэгээр тодорсон юм. Гэрэл зургийн моделиор дуучин Б.Ихэрсувд ажилласан аж.