Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг Уран зургийн галерейд нээгээд байна. Эл үзэсгэлэнг ирэх сарын 8 хүртэл олны хүртээл болгох нь. Соёлын өвийн үндэсний төв болон Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл хамтран урлагийн бүтээл үрчлүүлэх олон улсын хөтөлбөрийнхөө хүрээнд Н.Цүлтэмийн “Хурмастын чуулга” уран зургийг сэргээн засварлаж, 15 жилийн дараа үзэгчдийн хүртээл болгож буйгаараа эл үзэсгэлэн онцлогтой.
Үүнээс гадна зураач Н.Цүлтэмийн 30 гаруй бүтээл, баримтат кино зэргийг үзэх боломжтой. Монголын уран зургийн галерейн хамт олон урлагийн бүтээл үрчлүүлэх олон улсын хөтөлбөрийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөр нь галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлаж, хадгалалт, хамгаалалтыг сайжруулан, соёлын өвийг хамгаалах зорилготой юм.
У.Сүрэн