Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, профессор Ч.Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төржээ. “Гүн ухааны яруу найраг туурвигч” хэмээн уран зохиолд шимтэгсдэд үнэлэгддэг тэрбээр уран бүтээлүүдээрээ таван цуврал боть ном гаргаад буй юм. Тодруулбал, 2018 онд “Амьдралын төгөл” хэмээх анхны номоо уншигчдын хүртээл болгожээ. Түүнээс хойш “Амьдралын төлөөс” (2020), “Амьдралын төөрөг” (2021), “Амьдралын төвөргөөн” (2023), “Амьдралын аялгуу” (2024) гэсэн яруу найргийн номоо хэвлүүлсэн байна. Түүний бүтээлүүд мөн орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлэгдэж, гадаад хэлт уншигчдад хүрснээрээ онцлогтой. Мөн үндэсний монгол бичгээр болон буриад аялгуугаар ч бүтээлүүдээ эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ удаад бид түүний хараахан хэвлүүлээгүй шинэ шүлгүүдийг нийтэлж байна.
МАРГААШИЙН БЯЛУУ
Өөрөө чи оршихын тулд уу
Үгүй бол чи өрөөл бусдад таалагдахын тулд уу
Маргаан мэтгэлцээн юу ч болсон хамаагүй
Маргаашийн бялуу өнөөдрийнхөөс том гэдэгт
би итгэдэг
Магадгүй энэ бол миний утга учир ч байж болно
Манан дундуур туучин явлаа гэхэд
Маргахын аргагүй цаана нь нар бий
Харагдаагүй л бол байхгүй гэх Квант
Харамсалтай нь түүний ертөнцөд
бид амьдардаггүй
Хүнд сорилт дүүрэн ч гэсэн
Хүний ертөнцөд бид амьдардаг
Өнөөдрөө бодож чи байшин барьдаггүй
Үргэлжлүүлэн цааш амьдрах гэж
чи түүнийг босгодог
Өөрөө өөртөө таалагдан амьдрах
Үнэндээ тэр бол жаргал байдаг.
НАЙЗУУД
Бие биеэ таньдаггүй боловч
таньдаг мэт авирладаг
Бид нэг “нүүр ном”-ын найзууд
Нөгөө л хуучин зан минь гэнэт сэдэрч
Нөхдөө би навсайтал нь шүүдэг
Зөв ба буруу гэж ам мэдэн
Зөндөө их бурдаг
Хэрэгтэй хэрэггүй мэдээ тийш нь цацаж
Хэн болохыгоо түр мартдаг
Өрөөсөн нүдээрээ зурагтаа харж
Өрөөсөн нүдээрээ утсаа шагайдаг
Эзэнт гүрнүүд вант улсууд
Энд цөм адилхан болсон байдаг
Тэгэхдээ
Тэр надад огт хамаагүй
Тэнд би ганцаараа мэт гайхуулдаг
Эрх чөлөө гэдэг
Эдлэхэд таатай боловч
Эргээд надаас юу шаардаж буйг би мэддэггүй
Яагаад ч юм бэ харин өөрийгөө
Ямар ч гэсэн бусдаас илүү байж болохгүй гэдгийг тэндээс би мэдэж авсан
Олон юм мэдсээн бас
Ойчихдоо уйлахгүй байх ёстой гэж бодсон
Олуулаа боорловол ямар байдгийг харсан
Сав л хийвэл явган омог хөдөлж
утсаа шүүрэн авдгаа
Саяхнаас би больсон
Зүгээр л чимээгүй бусдыг ажиж
Зүхэх ч үгүй дэмжих ч үгүй харж суудаг болсон
Ойрдоо харин би бүр
Огт өөр юм бодох болсон
Ондоо нэг газраас ямар нэг том ах
Орцны жижүүр мэт
Орсон гарсан бүхнийг бүртгэж суух вий гэж
хардах болсон
Арай ч үгүй байлгүй дээ гэхдээ
Ардчилсан нийгэм юм чинь гэж тайвшрах болсон.
БИД
(Фельетон шүлэг)
Хэзээнээсээ бид нэг л том аавтай байсан
Хэн хүнгүй түүнээ хүндэлнэ дагана
Ихэнхдээ түүнээ бид
Эзэн хаан гэнэ
Дараахан нь бид
Дарга гэх аавтай болсон
Одоо бол харин аав байхгүй
Оронд нь
Хэн ч хамаагүй
Хэн нэгэн очоод суучихдаг
Малгай тавьж, гоё дээл өмссөнөөс биш
Маниасаа тэр нэг их ялгаагүй
Тэгээд л бид аавыгаа үе үе үгүйлдэг
Тэмцэнэ гэж хашхиралддаг
Гэрт маань “Төр” гуай, “Зах зээл” ах хоёр
Гэрэл асаагаад орж ирээд суучихсан
Босно, сууна бүгдийг маань тэд зааж өгнө
Боолын нийгэмд амьдарснаас илүүрхэх юмгүй ээ
Мөнгө гэдэг ташуур тэдний гарт байдаг юм
Мөрөөдөл маань бол
харин бидний гарт байдаг юм
Өөр олигтой ч зам байхгүй
Өөрийн эрхгүй энэ замаар бид гэлдэрдэг
Алдаатай оноотой энэ зам бол
Амьдралаас бидэнд өгсөн шийтгэл юм.
ГАНЦХАН ЦАГ
Улаанбаатарт одоо 08.00 цаг
Берлинд 13.00 цаг
Денверт 16.00 цаг …
Урт цаг, богино цаг гэж хаана ч байхгүй
Угаасаа л бид нэг цагтай
Урт ч биш юм, богино ч биш юм
Уулын оройгоос нар ургадаг
Уулын цаагуур нар жаргадаг
Уугуул цаг маань ердөө л энэ
Урт ч биш, богино ч биш
Угаасаа бид нэг л цагтай
Тэгтэл
Тэнгэрийн хаяанаас цааш нэг цаг
Тэнгэрийн хаяанаас наана бас нэг цаг
Тэрийг бид хэзээ мэдэх болсон юм бол
Ар халхад өглөө болж байхад
Америк тивд үдэш болж байна гэдгийг
Анх хүмүүс яаж мэдсэн юм бол
Гарцаагүй үүнийг мэдэхэд
Гайхалтай нь их хурд хэрэгтэй
Мод тулж алхаад нэмэргүй
Мориор давхиж адраад хэрэггүй
Орчин цагийн энэ их хурд
Онгоц машин
телефон
телевиз …
Огцом их хурд
Цаагуураа энэ бүхэн юуг хэлнэ вэ гэхэд
Цаг хугацаа, орон зай хоёр нэг гэдгийг л нотолно
Хамаагүй хол онол номлолууд яах вэ
Хамгийн гол нь
Хэзээ бид
Хэн нэгний маань толгойд нар ургаж байхад
Хэн нэгний маань толгой дээр нар шингэж байхыг харсан юм бол.
МАХЧИНГУУД
1.Газар дээр
Эгзэг нь таарвал хэн нь ч хэнийгээ
Идэхэд бэлэн
Ээ дээ, энэ махчингууд уу
Аварга том арслан
Аюулт багахан цөөвөр
Аль нь ч алинаа барихад бэлэн
Араа шүдээ хурцална
Арслан нь биеийн хүчийг гэнэ
Аюулт цөөвөр нь
тооны олныг гэнэ
Сав л хийвэл тэд нэгнээ хөнөөхөөр
Савааны их талд
хөөцөлдөн байна.
2.Усан дотор
Аварга том наймаалж усан дотор
Арвалзан зугтана
Араас нь махчин загас элдэнэ
Төдөлгүй наймаалж
хясааны ёроол руу унана
Түүнийг хөөсөн загас
Түүгээр эргэлдэнэ
Эгзгийг нь тааруулж мөнөөх наймаалж
Элдэн хөөгч загас руу
Эргээд дайрна
Хэн хэнээ хөнөөчих санаатай
хэсэг зуур үзэлцэнэ
Улангассан махчингууд
нэгнээ барихыг завдан
Усан дотор ямагт хөөцөлдөнө.
3.Хүн
Хүн тэгтэл хаана байдаг бэ
Хөрст дэлхий дээр хааяагүй байдаг
Зарим нь газраар гүйлдэнэ
Зарим нь тэнгэрээр нисэлдэнэ
Зарим нь уулан дээгүүр сүүмэлзэнэ
Зарим нь усан доогуур сүүтгэнэнэ
Хаана л бол хаана хүн
Харин тэднээс бүх махчин айдаг.
НАГАЦЫН НОХОЙ
Бүх ноход бүгдээрээ тэгш эрхтэй
Бүрэнхийгээс эхлээд үүрийн гэгээ ортол
Аль нь ч хуцаж болно
Адилхан эрхтэй цөмөөрөө
Энэ бол гэхдээ нохдын хууль
Эзэн биднийх бол ондоо
Ямар ч тохиолдол байсан хамаагүй
Ямагт тэнд “Нагацын нохой ахлах” ёстой.
ОЛЗ
Гэнэгүй явтал
Гэнэт олдсоныг олз гэх үү
Гэтэл
Хумсаа хуулан
Хуруугаа нугалан байж
Хураасныг олз гэх үү
Аль нь ч байсан
Адилхан л олз байх
Олз
Одоо л тэр олз болохоос биш
Олоогүй байхад бол шунал байсан
Өнгө нь хувирсан түүнийг харин хуваахад
Үргэлж шударга биш байдаг гэсэн
Хэн олзыг хувааснаас үл шалтгаалан
Хэзээд ард нь горьдлого үлддэг
Өөрөө чи хэчнээн талархсан ч гэсэн
Өөр нэгэнд заавал ч үгүй гомдол хоцордог.
УЧРАЛ
Траншейн таг өндөсхийн сөхөгдөв
Танихгүй хүн дороос нь шагайв
Тэр намайг гайхна
Би түүнийг гайхна
Хэн хэнээ гайхаж
Хэсэг зуур зогсов
Тэр ч цааш мөрөөрөө явсан
Би ч нааш мөрөөрөө ирсэн
Тэгээд бодлоо
Тээнэгэлзэн хэсэг зогслоо
Угаасаа тэр траншейнд заяагдаагүй
Учир нь олдохгүй энэ хорвоогийн л төрх
Хэзээ нэг өдөр
Хэн ч тийш орж болно
Хэн ч нааш гарч ирж болно
Амьдрал үргэлжилж байна гэж би
Алхаагаа нэмлээ
Амьсгалаа гүнзгий авлаа.
ЦАГИЙН ХЭЛХЭЭС
Ажлынхаа зааврыг
Англи хэлээр алзахгүй уншиж чаддаг
Зах нь хаана, төв нь хаана буйг
Заавал мэдэх албагүй
Зах зээл гэдэг үгийг тотиноос илүү давтаж болно
Баян байхаас илүү
Баян юм шиг харагдах нь чухал
Бараанаасаа илүү
Барааны тэмдэг нь гоё ч байж болно
Мөрөөдөл минь мөнгө олох, эсвэл од болох хүсэл
Мөн чанар гэдэг худал ч байж болно
Хамгийн гайхалтай шилдэг компанид ч
Хамгийн адгийн шаар ядахдаа нэг ширхэг байдаг
Толгой нь жижигдэж, бие нь томдсон хулгайч нар тэдэн дунд
Тоох ч үгүй сууж л байдаг
Ирээдүй ч биш, өнөөдөр ч биш юм шиг мөртлөө
Энэ лав өнгөрсөн биш байсан.
БУДДА
Чулуугаар
модоор
хүрлээр …
Чухам л юу хүснэ түүгээрээ бүтээнэ
Алтаар хүртэл урласныг
Алийг тэр гэх вэ
Том, жижиг
Тоймгүй олон бий
Хамгийн том Будда гэтэл
Хаана байдаг вэ
Хамгийн том Будда
Хаана ч байхгүй
Хамгийн том Будда зөвхөн миний сэтгэлд бий.
ЭХ ОРОНЧ
“Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” Олон эшлэл бүхий афоризм
Энэ үгийг хэн хэлсэн нь хамаагүй
Эсхүл би адгийн амьтан болох уу
Эсхүл би амаа хамхиж дуугаа татах уу
Аль нь ч байсан надад хамаагүй
Анхнаасаа л би эх орондоо хайртай байсан.
ХЭЗЭЭ МЭДЭХ БОЛ
Ялсан дайндаа бид үргэлж
Ялагддаг
Яруу төгс бүхний цаана
Ямар нэг муу юм нуугдаж байдаг
Яагаад ч юм бэ тэр хэзээ нэг цагт илэрдэг
Ямагт энэ хорвоо самуурсаар байхад
Яагаад би тайван байх ёстой юм бэ
Хоорондоо хүмүүс үргэлж маргалдана
Хорт явдал тэгэхээр яахан зогсох
Шилдэг нь болох гэж нэг талд нь
хүмүүс өрсөлдөнө
Шил шилээ дарж нөгөө талд нь дугаарлан зогсоно
Алдаа бүхний цаана гэхдээ
Амжилт далдлагдсан байдаг
Энэ ертөнцөд ямар нэг юм буруудаж эхэлснийг
Ирээдүйд хүмүүс хэзээ мэдсэн байх юм бол.
ДАЯАНЧ
1.
Таныг хэн гэж дуудах бэ
Тааллаараа л бол
Хэн ч гэж дуудаж болно
Талын баатар гэнэ үү
Тамтгаа барсан гуйлгачин гэнэ үү
Таны л таалал мэдэх
2.
Ядуу мөртлөө тэр
Яасан их ихэмсэг вэ
Яг л хаантан шиг
Ярвайхгүй юм харин
Өөрийнхөөрөө
Үнэнээрээ байгаа нь л тэр юм
3.
Олдсон бүхэндээ талархаж
Олдоогүйн хойноос хомхойсохгүй
Буй бүхэндээ талархаж хэрхэн би сурах вэ
Буруу ч гэсэн эрхэмсэг байж яаж би дадах вэ
Өөрийгөө голохгүй байж хэрхэн би чадах вэ
Үгээгүй хоосон ч гэсэн
Үнэнээсээ жаргалтай байж яаж би чадах вэ
4.
Та хааш одох вэ
Таашаал яаж төрнө
Тийшээ л би явна
Хаана сайхан санагдана
Хамаагүй ээ би тэр зүгт л одно.