Зохиолч, яруу найрагч, байгаль хамгаалагч Чинагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” романы нээлт өчигдөр “Интер” номын дэлгүүрт болоо. Швейцар, Герман, Монголын 100 орчим хүн цугларч, түүний бага хүү, “Чинагийн Галсан сан”-гийн тэргүүн Ч.Галтайхүү морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Ч.Галсан “Арван сарын тэнгэр дор” туужаа хэвлүүлсэн цагаас хойш 36 жилийн дараа монгол уншигчидтайгаа уулзаж байгаа нь энэ. Тэрбээр “33 хурмастын салхины элч, Алтайн 13 оройны сангийн үнэр шингэсэн байх гэж бодоод Баян-Өлгий аймгаас яаж гарсан, тэр хэвээрээ уншигчидтайгаа уулзахаар хүрэлцэн ирлээ. Ийм халуун дотно хүлээж авна гэж санасангүй. Би хүний төлөө ядрахыг жаргал гэж боддог. Хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээж чадвал тэр түүх болно. Тува, дөрвөд, өөлд, баяд, казах гээд олон ястан, үндэстэн цугларчээ. Та бүхэнд баярласнаа илэрхийлье. Өөрийн зүрх сэтгэлийн хэв, аяыг дагаад би нартаа хурайлж өгье” хэмээн хурайлсаар номын нээлтээ эхлүүлсэн юм. Герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн энэхүү бүтээлийг 15 орны хэлээр орчуулсан аж. Тэгвэл орчуулан гаргасан 16 дахь хэл нь монгол болжээ. Зохиолч уг романаа хөгшин ээждээ зориулан бичсэн бөгөөд Германы “Шпийгель” (Толь) сэтгүүлд энэхүү бүтээлийг “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичжээ.
Номын нээлтэд ирсэн эхний 100 уншигчид гарын бэлэг гардуулж, зохиолчид захидал зориулан бичсэн таван хүнийг “Хөх тэнгэр сонсож бай” романаар шагналаа. Энэхүү романыг1000 хувь хэвлэсэн төдийгүй “М book” аппликэйшнээр аудио хэлбэрээр сонсох боломжтой аж.
“Ножо паблишинг” ХХК-ийн захирал Б.Базарсүрэн “Чинагийн Галсан гуайн гэрт бичээч хийн, хоёр сар амьдарч, энэхүү номоо орчуулан өлгийдөж авсандаа баяртай байна” хэмээлээ. Тус бүтээлийн редактораар Б.Номинчимэд, Б.Базарсүрэн, техникийн редактораар Ү.Доржоо, зураачаар Б.Төрмөнх, арт директороор Б.Тамир ажилласан байна. Түүнчлэн удаах дэвтэр “Саарал газар” номыг орчуулах ажил аль хэдийн эхэлсэн гэнэ.
Ч.Галсан нь Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан сумд төржээ. Тэрбээр1951-1955 онд сумын бага сургууль, 1955-1961 онд аймгийн арван жилийн дунд сургуульд суралцсан. 1961-1962 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетын монгол хэл, утга зохиолын ангид, 1962-1963 онд Германы Лайпциг хотын герман хэлний бэлтгэлийн институтэд, 1963-1968 онд мөн хотын Карл Марксын нэрэмжит их сургуулийн герман судлалын ангид суралцаж, улаан дипломтой төгссөн аж. Одоогооргерманаар 40 гаруй ном бичиж, 20 орчим хэлээр хэвлүүлээд байна. “Reddit” цахим хуудас дэлхийн утга зохиолын карт гаргаж улс болгоныг нэг номоор төлөөлүүлэхэд“The blue sky” роман багтсан байна. Уг бүтээл 2006 онд англи хэлээр хэвлэгдэж, Канадад нээлтээ хийжээ.
Э.ЖАВЗАНДУЛАМ